Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Сэргээн засварлах ажлыг хэдий болтол мэргэжлийн бус хүмүүсээр хийлгэх вэ?

Барилга.мн
2018 оны 3 сарын 23
Барилга.МН

Монгол орны түүх, соёлын дурсгал бол олон зууны түүхтэй, өвөг дээдсийн оюун билиг, ур ухаан, хичээнгүй нөр их хөдөлмөрийг шингээсэн дахин давтагдашгүй нандин өв билээ. Түүх, соёлын дурсгалууд нь тухай тухайн цаг үе, тэнд аж төрж байсан ард түмний соёл, зан заншил, үндэсний ёс уламжлалыг хадгалж байдгаараа хосгүй үнэтэй байдаг.

Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлагчид гэдэг бол тэдгээр дурсгалын хэв загвар, уран хийц, дагнаас будгийн нарийн урлал зэргийг анх урласнаар нь сэргээн засварлах зорилт тавьж ажилладаг, нарийн чимхлүүр ажлаар мэргэшсэн хүмүүс юм. Гэвч манай оронд баригдсан түүх, соёлын дурсгалууд, тэр дундаа сүм хийдийн барилгуудын өнгө будгийн тогтоц, найрлагыг монголчууд одоо хүртэл нарийвчлан тогтоож чадаагүй л байна. 

Манай оронд түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах ажил 1970-аад оноос жинхэнэ агуулгаараа хөгжиж эхэлсэн түүхтэй. 1973 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор сэргээн засварлах мэргэжлийн байгууллага үүсгэн байгуулснаас хойш эдүгээ 44 дэх жилтэйгээ золгож байна.

Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газар нь байгуулагдсан цагаасаа хойш таран тартлаа монгол орны нутаг дэвсгэр дээр байгаа түүх, соёлын дурсгалуудыг судлан бүртгэж орон нутгийн ба улсын хамгаалтад оруулж, сэргээн засварлах ажлыг гүйцэтгэж ирсэн юм.

Хэдийгээр улсаас анхаарч сэргээн засварлах ажил явагдаж байсан боловч уламжлал нь тасарч, мартагдсан ажлыг сэргээж хөгжүүлэхэд элдэв бэрхшээл саад чамгүй гарч байлаа. Иймээс шинэ тутам байгуулагдсан тус газар юуны өмнө гарын болон ухааны ур дүйтэй, авьяас чадвартай хүмүүсийг судалж олох, практик дадлага, мэргэшил эзэмшүүлэхэд голлон анхаарч байсны үр дүнд нарийн мужаан, өрөг, чулуун хийц, вааран эдлэл, шавар, өнгө будаг, дагнаасыг сэргээх ажлаар мэргэшиж байлаа. 

1980 оноос сэргээн засварлах ажилд ахиц дэвшил гарч мэргэжлийн ажилчин-сэргээн засварлагчид, инженер техникийн ажилтнууд, дадлага туршлагатай мэргэжлийн хамт олон бий болж сэргээн засварлах ажилд нарийн мужааны бригад, өнгө будгийн бригад, керамик эдлэлийн бригад, Эрдэнэзуу, Амарбаясгалантын хийдүүдийг сэргээн засварлах бригадууд байгуулагдаж ажилладаг болсны дээр сүм, дуганы ганжир, жанцан, бодь гөрөөс зэрэг янз бүрийн амьтдыг урлан бүтээх дархантай болж, бүх зүйлийг гаднаас авдаг байснаа өөрсдөө бие даан хийдэг болсон нь урьд өмнө байгаагүй дэвшил гэж үзэж болно.

Энэ үед Вьетнамын сэргээн засварлагчид Амарбаясгалантын хийдийн модон хийцийг сэргээн засварлахад оролцон ажилласан нь тэдний туршлагаас суралцах аятай боломж бүрдүүлсэн юм. 

Буяны цогцолбор /2003 он/

Польш улсад сургууль төгсөж модон барилгын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан архитектор Ө.Эрдэнэбат, мөн керамикийн инженер С.Шархүү, тухайн үеийн ЗХУ-д уран барилгын инженер мэргэжлээр төгсөж ирсэн Ц.Намсрай, МУИС төгссөн архитектор Ц.Батбаяр, З.Оюунбилэг, инженер Баясгалан, Д.Дорж зэрэг инженер техникийн боловсон хүчнээр бэхжиж, нарийн мужаан Жамъянгарав, Гүндсамбуу, Д.Доржсүрэн, Ч.Мөнхбаяр, Т.Цогтбаатар, М.Даваажав, Г.Батдорж, өрөгч-угсрагч С.Жаргалсайхан, Ц.Гомбо, Д.Батсуурь, Ц.Дуламсүрэн, О.Наранцэцэг, Г.Чинчулуун, Ц.Норжмаа, Б.Цэрэндэжид, Д.Дашзэвэг, Н.Эрдэнэчимэг, М.Алимаа, Керамик цехийн ажилчин Цэрмаа, Бөөрөнхий, Догсмаа, Ч.Алтанцэцэг, Бямбаа, Оюунцэцэг, инженер техникч Б.Цэвэг, Санарайдорж, Равдан, Лувсанцэрэн, Ш.Пүрэвсүрэн, Д.Чимэдбалдир, Л.Намнандорж, зүмбэр будагч Ц.Амар, Л.Баасан, Ч.Чимгээ, Д.Рэгзэдмаа, Л.Цолмонбаатар, Б.Энхбаяр нарын ажилдаа дур сонирхолтой мэргэшсэн ажилчидтай байгууллага болсон билээ.

Сэргээн засварлах ажил бага хэмжээтэй хийгдэж байсан учир байгууллага эдийн засгийн хувьд үр ашиг багатай, үргэлж алдагдалтай ажиллаж байв. 1987 он гэхэд жилдээ дээд тал нь 1.5 сая төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн нь тун чамлалттай юм.  

1988 оноос дан ганц сэргээн засварлах байгууллага хамт олон цаашид дэвжиж хөгжих бололцоогүй байсан учир барилга угсралтын бригад байгуулж, иргэний ба соёл ахуйн барилга барих ажлыг давхар хийдэг болсон билээ. Үүний үр дүнд жилд гүйцэтгэх угсралтын ажлын хэмжээ нэмэгдэж, эдийн засгийн үр ашиг нь дээшлэн хамт олны идэвх өрнөх үндэс тавигдсан. 1989-1996 онд тус газрын гүйцэтгэсэн барилга угсралтын хэмжээ 2.4-8.4 дахин өссөн юм. 

1990-1993 онд ажилчдын орон сууцны хангамжийг дээшлүүлэх зорилгоор өөрийн хөрөнгөөр 40 айлын 6 давхар орон сууц, 9 машины гараж барьж, 16 тоннын даацтай кран, 5 тоннын өөрөө ачигч болон автомашины парктай болж бэхэжсэн юм. 

Анх байгуулагдахдаа 7 ажилчинтай үйл ажиллагаа эхэлсэн тус газрын ажиллагсдын тоо 1988 онд 144, 1996 он гэхэд 450 гаруйд хүрсэн байлаа. 

Тус газар 17 сүм дуган, ханан хэрэм, 4 асарт хаалга, 108 суварга бүхий Эрдэнэзуу хийд, 27 сүм дуган бүхий давхар хэрэмтэй Амарбаясгалантын хийд, Заяын хийдийн цогцолбор, Богд хааны ордон музейн “Энх-Амгалан” хаалга, зарим сүм, Чойжин ламын сүм, Гандантэгчинлэн хийд, Баянхонгорын Хачин ламын хоёр сүм, Дундговийн Эрдэнэдалай сумын Цогчин дуган, Дэлгэрэхийн хийдийн цогчин дуган, Хэнтийн Өндөрхааны Цэцэнхааны ордон, Улаанбаатарын Зүүн хүрээний дуганууд, Манзуширийн хийдийн сэрүүн лаврин, Дорноговийн Дэчинчойнхорлин хийдийн цогчин дуган, Увсын Харлаг бэйсийн дуган зэрэг манай орны томоохон сүм дугануудыг сэргээн засварласан юм. 

ОХУ, Буриад, Өвөр монгол, Хятад, Польшийн сэргээн засварлах байгууллагуудтай шууд харилцаа тогтоож Орос, Польш, Хятад улсад ажилчдаа явуулан сургаж дадлагажуулах арга хэмжээ авч, Польшоос мэргэжилтнүүд урьж Жанрайсиг дуганыг сэргээн засварлахад зөвлөгөө авч байв.

Гүрдаваа Ринбүчийн хөрөнгөөр Амарбаясгалантын хийдийн цогчин дуган болон бусад гол дугануудын өнгө будгийн ажлыг сэргээн засварласан юм. 

Үйлдвэрлэлийн баазад хөх тоосго хийх зуухны хүчин чадлыг дахин нэмэгдүүлж, керамикийн үйлдвэр вааран эдлэлийн хэрэгцээг бүрэн хангадаг байв. 

Харамсалтай нь түүх соёлын дурсгал сэргээн засварлах ажил хөгжлийнхөө энэ үед өмч хувьчлалаар нуран унасан билээ.

 
Диваажингийн сүм /2015 он/

Өмч хувьчлалыг гоомой хийсний уршгаар хөрөнгө мөнгөтэй хүмүүс түүх, соёлын дурсгал сэргээн засварлах газрын хувьцааг худалдаж авч, үйлдвэрлэлийн бааз, машин техник, туслах аж ахуйн 400 шахам хонь, 50 шахам үхэр хувийн өмч өмч болж, хувьчилж авсан хүмүүс барилгын ба сэргээн засварлах ажлын мэдлэггүй байсан тул хамт олон ажилгүй болж өмч хөрөнгө, мал сүрэг хоромхон зуурт устаж, байшин сав нь одоо хүртэл ашиглалтгүй байна.

Мөн сүм, дуганы дээврийн ваар, хөх тоосго шатаадаг герман, япон зуух, бааюу зэрэг чухал тоног төхөөрөмж ашиглах нөхцөлгүй болсон юм. Ийм харалган бодлогын уршгаар өмч хувьчлал хамт олон төдийгүй улс орныг хоосруулж, мэргэжлийн олон хүмүүсийг ажилгүй болгож, цөөн хүмүүст баялгийг бараг зүгээр өгсөн юм. Зүгээр авсан өмч хөрөнгийг хэрхэн яаж үр ашигтай ашиглах талаар огтхон ч сэтгэл зовохгүй байгааг харахад харамсаад ч баршгүй.

Гэхдээ энэ үйлсэд олон жил ажилласан, сэтгэл зүрхээ өгсөн цөөн хүмүүсийн зүтгэлээр сэргээн засварлах ажил 2000 оноос бага багаар сэргэж байгаа боловч үйлдвэрлэлийн баазгүй болсноос сүм, дуганы дээврийн ваар, төрөл бүрийн чимэглэл, амьтад, ганжир зэргийг хятадаас худалдан авдаг болсон билээ.

Улс эх орон, ард түмний эрх ашгийн үүднээс авч үзвээс зарим чухал, чухал асуудлыг төрөөс зохицуулж байх шаардлага өдгөө зүй ёсоор тавигдаж байна. Асуудлыг мөнгөөр шийддэг, мөнгөтэй бол ямар ч зөвшөөрөл, тендерийг авч болдог жишиг тогтоод удаж байна. Өөрөөр хэлбэл,сэргээн засварлах ажил хийж ирсэн дадлага туршлагатай, мэргэшсэн хамт олон тухайн зарласан тендерийн үзүүлэлтүүдийг хангаж байсан ч үүнийг үл хэрэгсэн мөнгөтэй хүнд өгч, тендерээр ажил авсан хүн нь ажлаа бусдад ацаглан хийлгэдэг буруу зуршил тогтоод удаж байна.

Тендер шалгаруулалтын зааварчилгаа, өгөгдлийн хүснэгт, ерөнхий тусгай ба нөхцөл гэх мэтээр мэргэжлийн хүмүүсийн мэдээжийн зүйлийг дахин давтан бичиж том, бага ямар ч тендерт их хэмжээний цаасыг үр ашиггүй зарцуулж байна. Тендер шалгаруулах гол үзүүлэлтүүд байх шаардлагатай нь мэдээж боловч элдэв гох дэгээ болсон жишиг үзүүлэлтийг хаман оруулж байгаа нь үл ялих шалтагаар тендерийг будлиулах үндэс болж байна. Өөрөөр хэлбэл, ашиг орлого, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ашиглалтад оруулсан барилга, татвар, даатгалын төлөлт, банк, хуулийн байгууллагын ба захиалагчийн тодорхойлолт зэрэг гол үзүүлэлт байхад гол биш үзүүллэлтээр шалтаг зааж дүгнэдэг нь авилгаар асуудлыг шийддэг болсон гэсэн олны яриа үндэстэй болохыг гэрчлээд байгаа юм. Ер нь худалдан авах ажиллагаа, тендерийн үнэлгээний хорооны гол албан тушаалтнууд мөнгөөр шалгаруулдаг болсон нь үнэн гэдэгт эргэлзэхгүй байна. 

Барилгад олон жил ажиллаж, зах зээлийн хүнд үед сурч дадсан ажилдаа үнэн сэтгэлээрээ хандаад амьдралаа авч явдаг хамт олон үйлдвэрлэлээ хөгжүүлэх, мэргэжлээ дээшлүүлэх ямар ч баталгаагүй болж, ажилгүйчүүдийн эгнээнд шилжсээр байгаа нь барилгачдын ирээдүйд итгэх итгэлийг сулруулж, 35-аас доош насныхан нь Солонгос явж ажиллах, түүнээс дээш насныхан манаач, сахиулын ажил хийх болсоор удлаа.

Яамдад байсан барилга захиалагчийн албадыг татан буулгасныг зөв шийдэл болсон гэж үзэхгүй байна. Яамд нь барилгын мэргэжлийн албадгүй болсноос мэргэжлийн хяналт, удирдлага, зохион байгуулалтгүй болж мэргэжлийн бус цөөн хүн Барилгын хөгжлийн төвөөс хянаж баталсан гүйцэтгэлд гарын үсэг зурах төдий үүрэг гүйцэтгэж байгаа нь ажил амьдралаас хол тасархай боллоо.

 
Егүзэр хутагтын музей /2011 он/

Гэтэл яамдын сайд нарын багцад хөрөнгө оруулалтын их хэмжээний ажил тусгаж, тэр нь улс орны хөгжил, нийгмийн хэрэгцээ шаардлагаар жил тутам нэмэгдсээр байна. Ийм нөхцөлд яамдад өөрт нь барилга мэддэг, жинхэнэ мэргэжлийн алба ажиллах нь хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхэд ач тусаа үзүүлнэ гэдэгт эргэлзэх юмгүй.

Сүүлийн үед хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд анхаарч зураг, төсөв нь бүрэн гарч экспертиз хийгдсэн барилгыг төлөвлөгөөнд оруулахад анхаарч байгаа нь зүйтэй алхам юм. Гэвч хот, хөдөөд баригдах ижил хэмжээний барилгуудын төсөв хэтэрхий зөрүүтэй байдаг нь бодит байдлыг гажуудуулсан, үндэслэл муутай үйлдэл болж байна.  

Энэ нь цаанаа луйвар булхай оршин байгааг илтгэнэ. Өндөр мэргэжлийн дадлага туршлагатай инженер, архитектор, мэргэшсэн ба тэргүүлэх төсөвчдийн хийсэн зураг, төсөвтэй, тэр нь экспертизээр шүүгдсэн бол тийм барилгыг хамгийн бага үнэтэйгээр нь тендерт шалгаруулна гэдэг нь цааш цаашдаа барилгын чанарт муугаар нөлөөлөх учир эдийн засгийн хувьд үр ашигтай гэж бодохын ч хэрэггүй.

Хамгийн бага үнийн санал гэсэн шалгуур нь луйвар, булхайтай, зураг төсөвт нь экспертиз хийгдээгүй барилга байгууламжид гардаг. Тиймээс зураг төсөв нь иж бүрэн зохиогдож, экспертиз хийгдсэн барилгыг хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгадаг байвал зохино. Төрийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг төвлөрүүлсэн нь салбар, салбараар мэргэшээгүй, туршлагагүй хүмүүсийн бөөгнөрөл бий болгож, зөвхөн мөнгөөр асуудлыг шийдэх, авилгыг цэцэглүүлэх үндэс болж байна.

Иймээс тендерт шалгаруулах үзүүлэлтүүдийг Засгийн газраас баталдаг, тэр нь ил тод байх шаардлагатай. Онцын шаардлагагүй бичиг баримт нэхдэг, ач холбогдол багатай үзүүлэлт нэмдэг нь тендер шалгаруулалтад будлиан, булхай гарах шалтаг үүсгэж байна. Тухайлбал, тендерт оролцож байгаа байгуулллага өөртөө заавал машин механизмтай байх нь хэрэг дээрээ шалгуур үзүүлэлт биш болоод удаж байгаа юм. Учир нь өдгөө цагт хувьдаа крантай, өндөр даацын машинтай, төрөл бүрийн механизмтай иргэд олон болсон. Тэр машин техник нь мэргэжлийн хяналтын газарт бүртгэлтэй, зөвшөөрөлтэй байдаг болсон ийм нөхцөлд машин механизмтай эсэхээр шалгуур тавих нь буруу юм.  

Барилгын төсөвт машин механизм, тээврийн зардал тусгагдсан байхад хөлсөөр ажиллуулах нь ашигтай байдаг. Учир нь барилгын ажил олдох, олдохгүй нь найдваргүй болсон үед удаан хугацаанд сул зогсох машин механизмтай байх нь компанийн эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаанд эрсдэл үүсгэнэ. Төрөөс бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэж ярьдаг ч доод шатанд очоод иймэрхүү маягаар гацаанд ордгийг анхаармаар.  

Төлөвшсөн, мэргэшсэн хамт олон бүтэн жилээр ажилгүй суух нь хэвийн үзэгдэл болсон энэ үед компаниа бэхжүүлэх, хамт олныхоо нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хомстол бэрхшээл тохиолдох болов. Энэ мэт хүндрэл үүсгэж байгаа асуудлуудад төр, засаг анхаарч аливаа тендерийг шударга зөв явуулдаг болох цаг тулгарсныг тэмдэглэж байна.

Эцэст нь тэмдэглэхэд, “Монголын ард түмний олон үеийн урлан бүтээсэн үүрд мөнхийн, эрхэмсэг нандин өв болсон түүх, соёлын дурсгалуудаа чухам хэдий болтол мэргэжлийн бус хүмүүсээр ухуулж төнхүүлэн, сэргээн засварлаж байна хэмээн өөрсдийгөө хуурсаар байх вэ?” гэдэг асуулт төр, засгийн эрх мэдэлтнүүдээс хариугаа нэхсээр байна.

Ахмад сэргээн засварлагч, Монгол Улсын Зөвлөх эдийн засагч Ц.Цэрэнжанцан

 

Эх сурвалж: “БАРИЛГА.МН” сэтгүүл

 

 

Зураг