Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийг 124 удаа тойрсон Монголын анхны сансрын нисэгч

Р.Оюун
2018 оны 3 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг

Монгол хүн сансарт ниссэний 37 жилийн ой өчигдөр тохиож Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Сансар, од эрхсийн ордонд “Амилагийн жаалууд” цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүд зочиллоо. Тэд өмнө нь харж байгаагүй том хөлгийг гайхан, барьж үзэж байв.

Энэ хөлөг нь Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн сансарт ниссэн “Союз-39” хэмээх хөлөг байлаа. Энэ үеэр Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Амаржаргал хүүхдүүдээс “Өнөөдөр /өчигдөр/ ямар өдөр билээ” гэж асуухад “Монгол хүн сансарт анх ниссэн өдөр” хэмээн хариулсан юм.

Харин хэн гэдэг хүн ниссэн бэ гэхэд нэг ч хүүхэд дуугарсангүй. Тиймээс Эрдэм шинжилгээний ажилтан Ч.Амаржаргал цааш нь “1981 оны гуравдугаар сарын 22-нд Союз-39 хөлгийн ахмадаар В.А.Жанибеков харин Ж.Гүррагчаа туслах сансрын нисэгчээр ниссэн. Ж.Гүррагчаа нь сансарт ниссэн анхны, Азийн хоёр дахь сансрын нисэгч.

Тэд сансарт долоо хоног, 20:42 цагийг өнгөрүүлэхдээ дэлхийг 124 удаа тойрсны дараа эх дэлхийдээ эргэж ирсэн. Ж.Гүррагчаа сансарт ниссэн дэлхийн 101 дэх хүн” хэмээн тайлбарлаж байхыг хүүхдүүд анхааралтай сонсож байлаа.

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Сансар, од эрхсийн ордонд Монгол Улс, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаагийн суусан “Союз-39” хөлөг, өмсөж байсан хувцас, хоол хүнс, бэлэг дурсгалын зүйлс болон олон улсын нисэгч нарын хэдэн онд, ямар хөлгөөр хэн хэнтэй ниссэн талаарх зураг, мэдээлэл, Орос, Япон, АНУ-ын хөлөг, олон улсын сансрын станцын загварыг дэлгэж тавьсан нь хүүхдүүдийн анхаарлыг татаж байсан юм.

Сансар, од эрхсийн ордон байгуулагдаад дөрвөн жил болоход 50 гаруй мянган хүүхэд ирж үзсэн. Монгол Улс сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20, сансарт иргэнээ илгээсэн дэлхийн 10 дахь орон болж түүхэнд нэрээ мөнхөлсөн байна.

Зураг