Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгөний бодлогын хүүг бууруулж 10 хувьд хүргэлээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2018 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж гаргасан шийдвэрээ танилцууллаа.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/811502945701942/

Төв банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг "Төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргалаа. 

Ингээд бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж 10 хувь болгох шийдвэр гаргаж байна".

Хүү буурснаар банкны салбарын өртөг буурч, эдийн засагт дэмжлэг болно

"Ийм шийдвэр гаргасан хамгийн том үндэслэл нь инфляци зорилт түвшинд хадгалагдах төсөөлөл байлаа. Тиймээс эдийн засгийн бодит секторыг дэмжих нь зүйтэй. 

Хүү буурснаар банкны салбарын өртөг буурч, эдийн засагт дэмжлэг болно.

Цаашид инфляци зорилтоос давах үндэслэл бага байна гэсэн дүгнэлтэд хүрсэн" гэж Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэллээ.

Монголбанкнаас гаргасан хэвлэлийн мэдээ:

Мөрдөж эхлэх огноо: 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2018 оны З дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгох, Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5 хувиар, гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 12 хувиар тогтоох шийдвэр тус тус гаргалаа.

Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2018 оны 2 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.9 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 8.1 хувьтай байна. Гадаад эрэлт хүлээлтээс сайжирч, экспортын бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд хадгалагдаж төлбөрийн тэнцэл болон эдийн засгийн төлөвт эерэг нөлөө үзүүлж байна. Эдийн засгийн идэвхжилийг даган эрэлтийн шалтгаантай инфляци алгуур нэмэгдэж байгаа хэдий ч жилийн инфляци цаашид зорилтот түвшний орчим тогтворжихоор байна.

Бодлогын энэхүү шийдвэр нь банкны салбарын богино хугацаатай эх үүсвэрийн хүүг бууруулж, улмаар зээлийн хүүгээр дамжин бизнесийн идэвхжилийг дэмжих болно.

Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

БОДЛОГЫН ХҮҮ ТҮҮНИЙ НӨЛӨӨЛӨЛ:

Аливаа улс орнуудын Төв банк бодлогын хүүг тогтоож барьдаг. Бодлогын хүү хэдэн хувь байхаас арилжааны банкуудын зээлийн хүү хэр өндөр байх нь хамаардаг билээ. Манай улсын хувьд одоогоор арваас дээш хувь буюу харьцангуй өндөрт тооцогдохуйц бодлогын хүүтэй байна.

Харин үүнийг дагаад арилжааны банкуудын зээлийн хүү жилд дунджаар 20 хувь байгаа. Төв банк бодлогын хүүг өндрөөр тогтоосноор арилжааны банкуудаас Төв банканд татах мөнгөний хүүг өндөрсгөж байна гэсэн үг.  Энэ тохиолдолд арилжааны банкууд мөнгөө өндөр хүүтэйгээр харьцангуй найдвартай буюу Төв банканд байршуулна. Ингэснээр арилжааны банкуудаас гарах зээлийн хүү нэмэгдэж, зах зээлд зээл хэлбэрээр нийлүүлэгдэх мөнгөний хэмжээ багасдаг жамтай. 

Өөрөөр хэлбэл банк бага хүүтэй мөртлөө эрсдэлтэйгээр аж ахуйн нэгж, байгууллагуудад мөнгө зээлдүүлэхийн оронд Төв банканд илүү найдах юм. Тийм учраас Төв банк бодлогын хүүгээ нэмэх нь зах зээл дэх бэлэн мөнгөний нийлүүлэлтийг харьцангуй багасгадаг. Ингэснээр инфляци буурах нөхцлийг бүрдүүлж байдаг. 

Бодлогын хүү хэдий чинээ өндөр байна тус улсын мөнгөний бодлого төдийн чинээ хатуу байна гэсэн үг юм.