Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан $10 саяын авлигын хэргээр баривчлагдлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ли Мюн Бакыг бүрэн эрхийнхээ хугацаанд 11 тэрбум вон ($10.2 сая) авлигад авсан хэргээр өчигдөр орой баривчилжээ.

Ингэснээр тэр авлигын хэрэгт буруутгагдсан тус улсын тав дахь ерөнхийлөгч болж байна. Одоо 76 настай Ли Мюн Бак 2008-2013 оны хооронд ерөнхийлөгчийн албыг хашихдаа авлига авсан, өмч хөрөнгө шамшигдуулсан, татвараас зугтсан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан зэрэг олон хэрэгт буруутгагдсан.

Гэхдээ тэр ихэнх хэргийг үйлдсэнээ зөвшөөрөөгүй юм. Өчигдөр орой экс ерөнхийлөгчийг гэрээс нь баривчлан Сөүлийн зүүн дүүргийн хорих газарт хүргэсэн байна. Түүнийг эрүүл мэндийн үзлэгт оруулсны дараа хоригдлын хувцас өмсгөж, 11 метр квадрат талбай бүхий өрөөнд оруулсан гэнэ.

Баривчлах болсон шалтгааныг “Түүнд тулгасан олон хэрэг баримтаар нотлогдсон тул бусад баримтуудыг устгахаас сэргийлэн хорьж байна” гэж прокурорын мэдэгдэлд тайлбарлажээ.

Хэрвээ тулгасан ялууд бүгд батлагдвал Ли Мюн Бак 45 жил хүртэл хорих ял сонсох юм.

Экс ерөнхийлөгчийн авснаа хүлээгээд байгаа нийт авлигын дүн нь 11 тэрбум вон болжээ. Тухайлбал Самсунг группын ерөнхийлөгч Ли Кун Хигийн татвараас зугтсан хэргийг цагаатгаж, 2009 онд өршөөл үзүүлснийхээ төлөө 6 тэрбум вон авсныг баталжээ. Самсунг тухайн үед энэ мөнгийг Ли Мюн Бакыг төлөөлдөг байсан АНУ-ын хуулийн компанид төлсөн байна.

Мөн Өмнөд Солонгосын тагнуулын газрын нууц сангаас 1.7 тэрбум, өөр таван хүнээс нийт 3.5 тэрбум вон авсан нь батлагджээ.

Тэдгээр хүмүүс бүгд өндөр албан тушаалд томилогдох, бодлогод нөлөөлөх хүслээ ерөнхийлөгчөөр гүйцэтгүүлснийхээ хариуд мөнгө төлсөн байна.

Өнөөдрийн байдлаар амьд байгаа Өмнөд Солонгосын нийт дөрвөн ерөнхийлөгч асан гэмт хэрэгт холбогдож шийтгүүлээд байгаа юм.

Ли Мюн Бакын үйлдсэн хэргийг түүний залгамжлагч, одоо мөн хоригдож байгаа Пак Гын Хэгийн хэргээс дутахгүй ноцтой гэж прокурорууд дүгнэсэн байна.

 

Эх сурвалж: AFP