Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Хятадын эсрэг томоохон хориг зарлахаар бэлдэж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын компаниудын оюуны өмчийг Хятадын тал хэрхэн хулгайлж байгааг мөрдөн шалгасны үр дүнд ерөнхийлөгч Дональд Трамп томоохон эдийн засгийн хориг тавихаар бэлдэж байгааг Цагаан ордны эх сурвалж мэдээлжээ. Хоригийг ойрын үед зарлах гэж байгаа гэнэ.

Оюуны өмчийн хулгайг зогсоох талаар талууд сүүлийн хэдэн жилийн туршид хэлэлцэж байгаа ч ахиц дэвшил гараагүй тул хатуу арга хэмжээ авахад хүрсэн байна.

Хоригт Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд оноох татварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын босгыг өндөрсгөх зэрэг арга хэмжээнүүд багтаж байгаа гэнэ.

Ингэснээр дэлхийн хамгийн том зах зээлтэй хоёр гүрний хооронд худалдааны дайн эхлэх өндөр магадлалтай байна.

Импортын бараанд оноох татварын нийлбэр дүн $30-$60 тэрбум болох төлөвтэй байгаа гэнэ. Бас АНУ-ын засаг захиргаа Хятадын эсрэг гомдлыг Дэлхийн Худалдааны Байгууллагад гаргахаар бэлджээ.

Хятадын зах зээлд нэвтрэх гэсэн Америкийн компаниудын өндөр технологийг шилжүүлж авах хатуу нөхцлийг Бээжингийн эрх баригчид тавьдаг нь АНУ-д хохиролтой байдаг.

Мөн Хятадын талаас АНУ-ын стратегийн чухал салбаруудад бодлогоор хөрөнгө оруулах, технологийн нууцыг хулгайлах кибер халдлага зохион байгуулдгийг шалгалтын явцад олж тогтоосон гэнэ.

Дональд Трамп өнгөрсөн оны наймдугаар сард Хятадтай хийдэг худалдааны нөхцөл байдлыг шалгаж дүгнэх “шалгалт 301” нэртэй тушаал гаргасны үр дүн одоо гарч байгаа ажээ.

Мөн Трамп хоёр оны хоорондын худалдаа Хятадын талд ашигтай, АНУ-д алдагдалтай байгааг байнга шүүмжилдэг. Харин Хятадын эрх баригчид худалдааны дайнаас хэн ч хожихгүй гэдгийг анхааруулсаар ирсэн юм.

 

Эх сурвалж: BBC