Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Абэ-Кимийн уулзалтыг хийх хүсэлтээ Япон улс Хойд Солонгост мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Японы засгийн газар хоёр улсын удирдагч нарын уулзалтыг зохион байгуулах хүсэлтээ дипломат шугамаар Хойд Солонгосын талд илэрхийлснийг албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Энэ сарын эхээр Японы гадаад хэргийн сайд Таро Коно АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс, Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Кан Кюн Ва нартай уулзахдаа Ким Жон Унтай уулзах Японы хүсэлтийг Хойд Солонгост дамжуулж өгөхийг хүссэн гэнэ.

Өнгөрсөн сард Монгол улсын гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар Пёньянд айлчлахдаа Ким Жон Унтай уулзах Японы хүсэлтийг дамжуулсан бөгөөд Хойд Солонгосын тал нааштай хүлээж авсан гэж дээрх эх сурвалж бас мэдээлжээ.

Энэ уулзалтаар Абэ хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг шийдэж, Пёньяны цөмийн хөтөлбөрийн талаар ярилцан, 2002 онд гарын үсэг зурсан Пёньяны тунхаглалыг хэрэгжүүлэх тухай хэлэлцэх хүсэлтэй байгаа гэнэ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй уулзаж, тавдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар төлөвлөж байгаа.

Харин Япончууд эдгээр уулзалтуудын хүрээнд хулгайлагдсан иргэдийнх нь асуудал хөндөгдөлгүй өнгөрөхөөс болгоомжилж байгаа юм.

Япон, Хойд Солонгос улсууд өмнө нь хоёр удаа дээд хэмжээний уулзалт хийж байсныг хоёуланг нь ерөнхий сайд асан Жүничиро Койзүми, Ким Жон Уны талийгаач эцэг Ким Жон Ил нар 2002, 2004 онуудад Пёньянд зохион байгуулж байжээ.

2002 онд тэд Пёньяны тунхаглал хэмээх бичиг баримтад гарын үсэг зурсан нь хоёр орны харилцаа хэвийн болсны дараа Японоос Хойд Солонгост эдийн засгийн туслалцаа үзүүлэх зорилготой байв. Мөн тэр жил Ким Жон Ил өөрийнх нь улсад Японы 13 хулгайлагдсан иргэн байсны 8 нь нас барсан тухай мэдэгдэж байжээ.

Үлдсэн таван иргэнийг Японд тухайн оны аравдугаар сард буцааснаар уг асуудал шийдэгдсэн гэж Хойд Солонгосын тал үзсэн юм.

Харин Японы засгийн газар бүх иргэдээ буцааж авах хүсэлтэй хэвээр байгаа.

Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх сарын дундуур АНУ-д айлчилж, Дональд Трамптай Хойд Солонгосын асуудлаар уулзах юм. Энэ үеэр тэр Трампаас Ким Жон Унтай уулзахад дэмжлэг хүсэх бололтой.

 

Эх сурвалж: Kyodo News