Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг 80 жилийн ойгоо сүр дуулиангүй өнгөрүүлж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Пүрэв гараг нь Өмнөд Солонгосын томоохон бизнес групп Самсунгийн үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн өдөр юм.

Гэвч тус компани энэхүү түүхэн өдрөө ямар нэг арга хэмжээ зохион байгуулалгүй, чимээгүй өнгөрөөж байна. Самсунгийн ерөнхийлөгч Ли Кун Хэ одоогоор биеийн эрүүл мэндийн байдлаас болоод компаниа удирдаж чадахгүй байгаа бол түүний хүү Ли Жэ Ён улс төрийн дуулианд нэр холбогдож, өнгөрсөн сард тэнсэн харгалзах ялтайгаар шоронгоос суллагдаад байгаа юм.

Тэрээр экс ерөнхийлөгч Пак Гын Хэд авлига өгсөн хэргээр таван жил хоригдох ял аваад байсан ч сүүлд ялыг нь хөнгөлсөн байна.

Самсунгийг 1938 оны гуравдугаар сард Ли Бюн Чул зүүн өмнөд бүсийн Дэгү хотод байгуулж байжээ. Эхэндээ тус компани жимс, хатаасан далайн хүнсний наймаа эрхэлж байв.

Үүсгэн байгуулсан өдөр нь анх гуравдугаар сарын нэгэнд тооцогддог байсан бол үүсгэн байгуулагчийн хүү Ли Кун Хэ компаниа 1987 онд дахин шинэчилж, төрсөн өдрийг нь гуравдугаар сарын 22 болгон шилжүүлсэн юм байна. Энэ үеэс эхлэн Самсунгийн өсөлт нь Өмнөд Солонгосын эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй мөр зэрэгцэн дээшилсэн юм.

Самсунг групп өнгөрсөн оны байдлаар 62 салбар компанитай, 363.2 их наяд воны ($338 тэрбум) хөрөнгөтэй болжээ.

Нийт 500,000 ажилтантайгаас Самсунг Электроникс дангаараа 300,000 ажилтантай юм.

Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй 16 компанийн үнэлгээ нь KOSPI индексийн 30 орчим хувийг бүрдүүлдэг. Самсунг Электроникс компани дангаараа Өмнөд Солонгосын экспортын дөрөвний нэгийг эзэлдэг ажээ.

 

Эх сурвалж: Yonhap News