Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанк нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн эх бичвэрээ хүлээн авлаа

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын 2017-2018 оны намрын чуулганаар батлагдсан Төв банк (Монголбанк)-ны тухай, Банкны тухай болон Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн эх бичвэрийг Монголбанк өнөөдөр ёслол төгөлдөр хүлээн авлаа.

Ёслолын үйл ажиллагааг Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын гавъяат зүтгэлтэн, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж морин хуурын татлагаар эхлүүлж, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нээж үг хэлэв.

 

Тэрбээр Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монголбанкнаас 2016 оноос эхлэн дунд хугацаанд хэрэгжүүлэхээр “Банк санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийг санаачилж, 2018 оныг банк санхүүгийн салбарын шинэчлэлийн жил болгон зарлаж, бодлогын тодорхой зорилтуудыг тавин хэрэгжүүлж эхлээд байгааг онцоллоо. Мөн банк санхүүгийн салбарт сайн засаглал, оновчтой бодлого, зохицуулалтыг бий болгон, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх Монголбанкны санаачилгыг дэмжиж, хуулийн төслүүдийг УИХ-аар батлуулахад гар бие оролцсон нийт хүмүүст талархал илэрхийллээ.

Ийнхүү хүндэтгэлийн ёслолыг нээснээр УИХ-ын дарга М.Энхболд хуулийн эх бичвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд гардуулан өглөө.

 

УИХ-ын дарга  эх бичвэрийг гардуулан өгөхдөө батлагдсан хуулиудын ач холбогдлын талаар тухайлан онцлоод, гагцхүү хуулийн хэрэгжилтийг чанд сахин мөрдөхийн тулд нягт нямбай, хариуцлагатай ажиллахыг хууль хэрэгжүүлэгч нараас хүссэн юм.

Монголбанк банк, санхүүгийн салбарын эрх зүйн шинэтгэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд нийт 10 гаруй хуулийн төслийг санаачлан боловсруулахаас шинээр 1 хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 3 хуулийн төслийг тус тус батлуулаад байна.

Эх бичвэрийг хүлээлгэн өгөх ёслолд Монгол Улсын Их Хурлын  дарга М.Энхболд УИХ-ын Эдийн Засгийн Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар,  УИХ- ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Я. Содбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын  Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон бусад байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж оролцов.

 

 

Эх сурвалж: Монголбанк