Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдад ТААТАЙ ОРЧИН бүрдүүлэхээ амлав

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2018 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Монголын эрдэс баялаг-Уул уурхай 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 74 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, улсын төсвийн орлогын 25 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байна.

Тус чуулга уулзалт нь эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм. Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нээж хэлсэн үгэндээ “Уул уурхай бол нийгмийн дэмжлэг, аж ахуйн нэгжийн идэвхтэй үйл ажиллагаа, хөрөнгө оруулагчдын итгэл дээр тогтдог эмзэг салбар бөгөөд салбарын бодлого чиглэлийг зөв тодорхойлох, эрх зүйн орчныг ойлгомжтой, тогтвортой байлгах, мэдээллийн ил тод байдлыг хангах, иргэд олон нийтэд зөв ойлголт өгөх, бүх түвшинд нээлттэй хамтран ажиллах нь чухал билээ.

Миний бие хөрөнгө оруулалтыг дэмжих замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой үйлдвэрийн төслүүдэд онцгой ач холбогдол өгч байгаа бөгөөд эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах, аж ахуйн нэгж хөрөнгө оруулагчидтай нээлттэй хамтран ажиллах зарчмыг баримталж байна” хэмээв.

"Зэсийн баяжмалын үйдвэрлэлийг 2020 он гэхэд 1.9 сая тоннд, алт олборлолтыг 25 тоннд хүргэнэ"
 
Гэрэл зургийг MPA.mn

Хуралдааны эхэнд Монгол Улсын ашигт малтмал, эрдэс баялгийн нөөцийг УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяа танилцууллаа.

Монгол Улсын ашигт малтмал, эрдэс баялгийн нөөцийн санд бүртгэгдсэн нөөцөөр

  • Зэс-57 сая тонн,
  • Нүүрс-37.2 тэрбум тонн,
  • Төмрийн хүдэр-1.2 тэрбум тонн,
  • Алт-2,500 тонн,
  • Цайр-1.7 сая тонн,
  • Хайлуур жонш 48.3 сая тонн,
  • Уран-197 мянган тонн,
  • Газрын тос-332.6 сая тонн байна.

Хойшид Хангайн болон баруун бүсэд геологийн судалгааны ажил хийх шаардлагатай байгаа. Геологийн судалгааны бүх шатны ажлуудыг улсын төсвийн хөрөнгөөр хийж байна. 200 мянганы зураглалыг нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хийсэн. 50 мянганы геологийн зураглал одоогоор 37.4 хувьтай явагдаж байна.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 зорилтын хүрээд 2020 он гэхэд 50 мянганы зураглалыг нийт нутаг дэвсгэрийн 45 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл жилээс жил өсөж байна. 2017 оны байдлаар 1.3 сая тонн зэсийн баяжмал, 3.6 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 20 тонн алт гэх мэт үйлдвэрлэсэн. 2018-2020 онуудад үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр уул уурхайн төслүүдийг дэмжих зорилт тавьсан. Жишээ нь зэсийн баяжмалыг 2020 он гэхэд 1.9 сая тоннд, төмрийн баяжмалыг 10 тоннд, алт олборлолтыг 25 тоннд хүргэнэ.

Эдгээр асуудлыг шийдвэрлэх, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газрын барьж буй бодлогын хүрээнд хөрөнгө оруулалт чухал. Хөрөнгө оруулалтыг тогтвортой, таатай орчинд хийдэг. Иймд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтад нэн таатай орчин бүрдүүлэх бодлого баримталж байна" гэв. 

"татвараа цаг хугацаанд нь үнэн зөв тайлагнадаг, татвараас зайлсхийх элдэв арга хэрэглэдэггүй татвар төлөгчдөд боломж, орон зайг олгоно"
 
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газраас хэрэгжүүлж буй татварын хуулийн шинэчлэлийн явц, гол өөрчлөлтүүдийн талаар Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Тэлмүүн танилцууллаа. 

Тэрбээр "Багц хуулийн шинэчлэлийн үндсэн суурь нь татвараа цаг хугацаанд нь үнэн зөв тайлагнадаг, татвараас зайлсхийх элдэв арга хэрэглэдэггүй татвар төлөгчдөд боломж, орон зайг олгоно. Нөгөө талдаа татвараа хугацаанд нь төлдөггүй, зайлсхийдэг хүмүүсээс орлогоо хурааж авах боломж, чадавхаа дээшлүүлэх үндсэн агуулгатай хуулийн төсөл явж байна.

Одоогийн байдлаар бид 3 хуулийн шинэчилсэн найруулга, 21 хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулсан. ААНОАТ-ын тухай, ХХОАТ-ын тухай, Татварын ерөнхий хууль зэргийг шинэчлэн найруулсан байгаа.

Үйл ажиллагааны төлөвлөгөөний хувьд бид 10 дугаар сараас эхлэн боловсруулж 2 дугаар сарын 23-нд олон нийтэд танилцуулсан. Өнгөрсөн 30 хоногийн хугацаанд 26 удаа олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авсан. 800 орчим хүн хэлэлцүүлэгт ирж 2,000 гаруй саналыг бид бүртгэсэн.

Энэ оны үлдэх хугацаанд дагалдах 50 орчим дүрэм журмуудыг шинэчлэн боловсруулна. Хуулийн төсөл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

 
Гэрэл зургийг MPA.mn

Татварын өр төлөх хугацааг 6 сараас 2 жил болгон өөрчилж байгаа нь онцлог зохицуулалт. Хөрөнгө оруулагчдад таатай том өөрчлөлт нь  суутган татварын хэмжээг 20-оос 15 хувь болгон бууруулж, Монголын компаниуд гаднаас хөрөнгийн биржээр дамжуулан зээлийн эх үүсвэр татсан тохиолдолд суутган татвар 5 хувь болж буурч байгаа. Дээрээс нь Монголын компани гадаадын хөрөнгийн биржид хувьцаагаа борлуулсан бол ногдол ашгийн орлогын татвар 5 хувь болж буурна. Тэгэхээр энэ бол гадаадаас орж ирэх мөнгөний урсгалыг дэмжих хөшүүрэг болох заалтууд юм.

Лицензийн шилжүүлэгт нийт дүнгийн 30 хувиар татвар ногддог байсныг бид өөрчилж ашгаас 10 хувиар татвар ногддог болгохоор хуулийн төсөлд тусгасан. Томоохон хөрөнгө шаардлагатай үйлдвэрүүдэд хэд хэдэн дэмжлэг үзүүлэхээр тусгалаа. Барилга байгууламжийн элэгдэл байгуулах хугацааг 40-өөс 25 жил болгож буурууллаа. Ингэснээр компаниудын орлогын татварын ачаалал нэлээд хэмжээгээр буурна. Монгол компаниуд гадаадад татвар төлсөн тохиолдолд давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамаараад хасна. Ингэснээр хоёр талд татварын давхардал гарахгүй.

Татварын байцаагч үндэслэлгүйгээр их хэмжээний акт тавьснаас болж маш их хүндрэл учирч байсан бол үүнийг залруулахын тулд хэрэв ингэвэл татварын байцаагч хариуцлага хүлээдэг байх зарчим суулгаж байгаа" гэв.