Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Оюу толгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх асуудал байхгүй гэв

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2018 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн ордонд “Монголын Эрдэс баялаг-Уул уурхай 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт өнөөдөр болж байна. Уулзалтаар Монголын эдийн засгийг хөдөлгөгч гол хүч болох уул уурхай, эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцлоо.

Энэ үеэр Уул уурхайн сайд Д.Сумъяабазар болон ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нараас хөрөнгө оруулагчид Оюу толгойн уурхайн хөрөнгө оруулалтын гэрээний ирээдүй, түүнд өөрчлөлт оруулах талаар асуусан юм.

Хариултыг нь хүргэж байна.

"УИХ-аар батлагдсан Хөрөнгө оруулалтын гэрээг эргэж хянах асуудал яригдаагүй"

Г.Занданшатар “Ямар хүн Оюу толгойн гэрээг эргэж харна гэж хэлснийг би сонсоогүй. Рио тинто болон Оюу толгойтой бид нягт хамтран ажиллаж, харилцан ойлголцож байгаа.

Тийм учраас УИХ-аар батлагдсан Хөрөнгө оруулалтын гэрээг эргэж хянах асуудал яригдаагүй. Харин гэрээнийхээ үүргүүдийг харилцан биелүүлэх асуудал л ярьж байгаа” гэв.

"Оюу толгойн төсөл Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын гол цөм"
 
Гэрэл зургийг MPA.mn

Д.Сумъяабазар “Хариуцаж байгаа салбарын сайдын хувьд хэлэхэд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх асуудал байхгүй. Бид гэрээн дээр тусгасан үүргээ биелүүлэх, цаашид үйл ажиллагааг өргөжүүлэх, дээшлүүлэх, идэвхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам сайжруулах байр суурин дээр төслийг явуулна.

Оюу толгойн төсөл Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын гол цөм нь юм. Бид энэ төсөл амжилттай хэрэгжээсэй гэж хүсэж, хэрэгжүүлэхийн төлөө улам хичээн ажиллаж байгаа” гэв.