Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Прокурорын байгууллагын ажилтны ёс зүйтэй холбоотой гомдол мэдээлэл хүлээн авах УТАС ажиллуулж эхэллээ

О.Булган, iKon.mn
2018 оны 3 сарын 22
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Азийн Сан, Улсын Ерөнхий Прокурорын Газрын хамтын ажиллагааны хүрээнд ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилга, хариуцлага ёс зүйтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авах 1800-1919 утсыг танилцуулах, УЕПГ-ын шинэчилсэн цахим хуудсыг хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

2016 онд УЕПГ Азийн Сантай хамтран санамж бичигт гарын үсэг зурж, тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Эдгээрийн нэг нь прокурорын байгууллага хэрхэн нээлттэй ажиллаж байна, байгууллагын явуулж буй үйл ажиллагаа болон мэдээлэл иргэдэд хэр зэрэг хүртээмжтэй байдаг мөн байгууллагын ажилчид ёс зүйн хувьд иргэдтэй хэрхэн харилцаж буй талаар судалгаа хийсэн байна.

Судалгаагаар прокурорын байгууллага хангалттай ил тод ажилладаггүй, ажилчид иргэд хоорондын харилцаа учир дутагдалтай ажилладаг зэрэг дүгнэлт гарчээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Азийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Коениг “Тус ажлыг гүйцэтгэхэд Канад Улсын Засгийн Газар санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Аливаа улсын ил тод байдал, сайн засаглалыг сайжруулах ажил засаг барьж буй хүмүүсийн шийдвэрээс эхэлдэг.

Монголын УЕПГ-ын хийж буй энэхүү ажил Монголын ирээдүйд маш хэрэгтэй гэж бодож байна. Тус ажлын үр дүнд хууль хяналтын байгууллага болон иргэд хоорондын итгэлцлийг бий болгож бэхжүүлнэ гэж найдаж байна” гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn
Энэ ажлын хүрээнд УЕПГ Харилцаа холбоо зохицуулах газарт хүсэлт тавин 1800-1919 гэсэн шууд дугаарыг эзэмших эрх авчээ. Ингэснээр прокурорын үйл ажиллагаа, ажилчдын сонирхлын зөрчил, сахилга бат, ёс зүйтэй холбоотой мэдээллийг шууд хүлээн авах боломж Азийн Сангийн дэмжлэгтэйгээр бүрдлээ.

Иргэдийн санал хүсэлтийг шууд хүлээн авдаг болсноор алдаа гаргасан прокурор, ажилтныг хянан шалгаж, түргэн шуурхай хариуцлага тооцож, байгууллагын алдааг дор бүр нь засах аж. 

Мөн Азийн Сантай байгуулсан санамж бичгийн ажлуудын нэг УЕПГ-ын тушаалаар “Прокурорын мэдээлэл солилцох” журмыг 2017 онд батлан мөрдүүлж эхэлсэн байна. Журамд прокурорын байгууллагын нэгжүүд хуулиар хориглосноос бусад мэдээллүүдийг ил тод болгон нийтэд мэдээллэх үүргийг зохицуулж өгчээ.

Монгол Улсын мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар аливаа байгууллага үнэн зөв мэдээллийг нийтэд ил болгох тухай тусгасан байдаг. Тус хуулийн хүрээнд УЕПГ хамгийн сүүлд 2016 онд шинэчлэгдсэн байсан http://www.prokuror.mn цахим хуудсаа дахин шинэчилж стандартад нийцсэн илүү ойлгомжтой болгосныг УЕП-ын туслах прокурор, шүүхэд Төрийг төлөөлөх хэлтсийн дарга Э.Амарбат танилцууллаа.