Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын дарга М.Энхболд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлэв

open.parliament.mn
2018 оны 3 сарын 22
open.parliament.mn
Зураг зураг

УИХ-ын дарга М.Энхболд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.


Төрт ёсны мянга мянган жилийн түүхтэй, тусгаар Монгол Улсын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон нийт казах иргэд ээ,

Хаврыг угтаж, нарыг тосох баяр - Наурызыг тохиолдуулан Эх Монгол нутагтаа болон дэлхийн улс орнуудад амьдарч ажиллаж, үндэсний соёл, зан заншлаа дархалсаар буй Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Та нарынхаа амрыг айлтгаж, баярыг хуваалцдаг нь миний хувьд нэгэнт тогтсон уламжлал болжээ. Хаврын баярын энэ гэгээн өдөр казах түмэнтэйгээ дотночлох сэтгэлээр хамт байх нь надад сайхан байдаг аа. Та нарынхаа үндэсний баярыг хуваалцдаг энэ уламжлал маань олон он жил үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.  

Наурызын баярыг хүн төрөлхтөн бичиг үсэгт тайлагдахаасаа өмнө  тэмдэглэж байсан гэсэн түүхэн эх сурвалж байдгийг эрдэмтэн мэргэд өгүүлдэг. Тэгэхээр Наурыз бол зөвхөн Та бидний биш, нийт хүн төрөлхтний баяр юм хэмээн байнга тэмдэглэдэг үгээ энэ өдөр ч бас дахин хэлмээр байна.  

Чухам тийм ч учраас ЮНЕСКО наурызыг 2009 онд хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллага 2010 онд болсон Ерөнхий Ассамблейн чуулганаараа “Олон улсын наурызын өдөр”-ийг тунхагласан билээ.

Монголын төр, засаг ч энэ өдрийг казах түмний өв соёлыг хадгалан хөгжүүлэх, хүндлэн дээдлэх утгаар тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн билээ. Казах үндэсний хэл соёл, зан заншил, үүх түүхийг дархлан хамгаалах талаарх эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох асуудал төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын анхаарлын төвд ямагт байсаар ирсэн бөгөөд энэ уламжлалт бодлого цаашид ч тууштай үргэлжлэх нь дамжиггүй юм.

Түүнчлэн Монголын казахуудын уугуул нутаг Баян-Өлгий аймагт үйлдвэрлэл, бизнесийг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, казах, монгол хэлээрээ сурч боловсрох, эрүүл саруул ажиллаж амьдрах эрхийг хангах, ард олны амьжиргааг дээшлүүлэх нь үе үеийн төр, засгийн бодлогод онцгой байр суурь эзэлсээр ирснийг тэмдэглэж хэлэхэд таатай байна. 

Казахууд дэлхийн 40 гаруй улс оронд тархан суурьшиж, амьдарч аж төрж байна. Тэдний дотроос хэл соёл, ёс заншлаа хамгийн сайнаар хадгалж үлдсэн нь Монголын казахууд гэдгийг дэлхий нийт нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Энэ бол Таны өвөг дээдсийн, Та бүхний болон Монгол Улсаас дэлхийн соёлын өвд оруулж буй үнэт хувь нэмэр, Монголын төр казах иргэдийнхээ талаар үеийн үед зөв бодлого баримталсаар ирсний илэрхийлэл юм.

Энэхүү бахархлаа бататган хадгалж, улам улмаар хөгжүүлэн дэлгэрүүлэх эрхэм үйл хэрэгтээ их амжилт олж, ирээдүйн сайн сайхныг бүтээн бий болгох хүсэл тэмүүлэл чинь ямагт биелэн бүтэж байхын ерөөл өргөе.   

Перс хэлээр наурыз нь “Шинэ өдөр” гэсэн утгатай. Наурызыг бас “Нарны баяр” гэдэг. Тиймээс шинэ өдөр болгон Та бүхнийг алтан нар ивээлт сацрагаараа, шинэ амжилт, шинэ баяр, аз жаргал, инээд хөөрөөр угтан тосож байх болтугай.

 Уламжлалт баяраа хотол түмнээрээ сайхан тэмдэглээрэй.


                                     МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД