Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баясгалан: Иргэдээ биткоины халуурлаас хамгаалж, сэрэмжлүүлэх цаг болсон

Г.Нацаг-Эрдэнэ, Үндэсний шуудан
2018 оны 3 сарын 22
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

МУИС-ын ОУХНУС-ын багш, доктор С.Баясгалантай ярилцлаа.

-Криптовалют дэлхий нийт тэр дундаа Азид эрчээ авч байна. Үүнд ихэвчлэн залуу үеийнхэн хөрөнгө оруулалт хийж байгаа харагдсан. Дэлхий нийтийн жишгээс харахад криптовалют тухайн улс орны эдийн засагт хэр хувь нэмэр оруулдаг юм бол?

-Үр өгөөж ярих цаг нь одоо биш. Дэлхийн улс орнуудын хувьд криптовалютыг ар араасаа сонирхон туршиж байна. Гэхдээ маш болгоомжтой хандаж байгаа.

Яг энэ орон гээд онцгойрох зүйл үнэндээ алга. Нөгөөтээгүүр криптовалютыг хэрхэн зохицуулах нэгдсэн бодлого дэлхий нийтэд алга. Шалтгаан нь, шинжлэх ухаан технологийн хурдацтай хөгжил хүний хяналтаас гарч байгаатай холбоотой. Хоцорч яваа учраас иргэд нь криптовалютын араас өөрийн эрхгүй шуурч байна. Энэ утгаараа анхааралдаа авах шаардлага тулгамдсан хэрэг. Энэ нь юунаас эхлэлтэй вэ гэхээр ямар ч хүн богино хугацаанд өндөр ашиг олохыг хүсдэгтэй холбоотой. Өмнө нь хэдхэн цент байсан биткоин өнөөдөр ханш нь 7-15 ам.долларын хооронд хэлбэлзтэлээ өссөн байна.

Өсөлт нь юуг харуулж байна вэ гэхээр ямар ч хяналт байхгүйг харуулдаг. Айхавтар эрсдэлтэй гэсэн үг. Энэ утгаараа тухайн улс орны эдийн засагт үр өгөөж гэхээс илүүтэй аюултай юм. Нөгөө талаасаа криптовалюттай холбоотой сөрөг тал олноор гарч байна. Жишээлбэл, onecoin буюу сүлжээний бизнес бүртгэгдсэн. Хэзээ, хэдэн хүн, хэр их хохирол амсах нь тодорхойгүй. Хамгийн гол нь үүнийг биткоиноос ялгаж ойлгох хэрэгтэй. Хоорондоо уялдаатай. Гэвч хольж хутгаж болохгүй зүйл нь блокчэйн буюу суурь технологи нь юм. Энэ технологийг зарим улс орны эрх баригчид, банк санхүүгийн байгууллагууд анхааралдаа авч судалж байна.

Криптовалютыг хүлээн зөвшөөрөх бас нэг шалтгаан нь блокчэйн технологийн бүтцийг судлаад тухайн улсын банк санхүүгийн байгууллага эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой эсэхийг ид судалж байгаа ч шийдвэр гаргасан зүйл одоогоор алга л даа. Нөгөө талаасаа криптовалютыг зохицуулах механизм дэлхийн аль ч улсад алга. Хууль зүйн зохицуулалт бий гэж үзэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд бүрэн хэмжээнд биш зөвхөн өнгөц хэлбэрийн зохицуулалттай гэдгийг хэлмээр байна.

Жишээлбэл, Солонгос, Япон Улсад криптовалютыг зөвшөөрсөн. Гэхдээ хууль зүйн зохицуулалт нь дутуу дулимаг, цоорхойтой учраас компаниуд эхнээсээ алдагдалт  хүлээж эхэлсэн. Та сонссон байх. Япон Улсад криптовалютаар үйл ажиллагаа явуулдаг“Коинчэйкинг” компани сүлжээгээ хакердуулсны улмаас хэрэглэгчдэдээ 427 сая ам.долларын нөхөн олговор олгохоор болсон.

-Өнгөрсөн сард болсон санагдаж байна.

-Тийм. Криптовалют ашигтай юу гэвэл ашигтай. Гэхдээ хохирлын хэмжээ асар өндрөөр яригддаг. Нэг шатвал хохирлын хэмжээ хэдэн мянган ам.доллараар яригддаг. Тиймээс дэлхийн улс орнын өмнө иргэдээ энэ халуурлаас хамгаалах, сэрэмжлүүлэх асуудал тулгарч байна.

-“Коин чэйкинг” иргэдийн хохирлыг барагдуулж байгаа гэсэн. Харин биткоиноор төлбөр тооцоо хийдэг компаниудаас дампуурсан компани бий болов уу?

-Солонгос Улсад криптовалютаар үйл ажиллагаа явуулдаг хоёр компани мөн сүлжээ-гээ хакердуулснаас болж дампуурсан. Японд сүлжээний хакерийн халдлага болсны дараагаас санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг хяналтын агентлагаас нь “Хууль, эрхзүйн орчинг илүү сайжруулахгүй бол болохгүй юм байна” гэдэг байр суурьтай байгаа гэсэн. Гэхдээ нэг ноцтой зүйл нь хууль зүйн орчинг сайжрууллаа гэхэд бүгдийг нь хянаж чадах уу гэдэг нь эргэлзээтэй.

Яагаад гэвэл блокчэйн технологи нь дэлхийг хамарсан учраас аливаа нэг улсын дотоод үйл ажиллагаанаас үл хамаарна. Япон Улс дотооддоо зохицуулалт хийсэн ч бусад орнуудаас хамааралтай байхаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, блокчэйны сервер нь дэлхийн олон оронд суурилагдсан. Тэдгээр нь хоорондоо сүлжээгээр өгөгдлөө дамжуулдаг. Ингэхээр зөвхөн нэг улсын хууль эрхзүйн зохицуулалтаар зохицуулах ямар ч боломжгүй. Хяналтаас гарсан зүйлийг худалдаж авсан иргэдийн эрх ашгийг хамгаалах боломж туйлын хомс. Үүгээрээ л эрсдэлтэй.

-Давосын чуулганы үеэр “Криптовалют тэр дундаа биткоин нь яг одоогийн нөхцөл байдалд банк санхүүгийн тогтолцоонд сөргөөр нөлөөлөх хэмжээнд нөлөөлж чадахгүй. Гэхдээ үүнд маш болгоомжтой хандахгүй бол уламжлалт санхүүгийн хэрэгслийг халах, цаашлаад уналтад оруулах эрсдэлтэй” гэдэг зүйл яригдсан байна лээ. Дэлхийн санхүүгийн байгууллагууд хоорондоо нэгдээд криптовалютын үйл ажиллагааг хянах тогтолцоо бий болгох тал дээр нэгдэх боломжтой болов уу. Энэ тал дээр яригдсан зүйл бий болов уу?

-Хамгийн гол өнцөг нь дэлхийн мөнгөн тэмдэгт болж чадах уу. Болно гэж үзвэл криптовалютыг зохицуулах ямар ч байгууллага байхгүй. Ингэхээр ирээдүй бүрхэг болж таарна биз дээ. Дэлхийн томоохон санхүүгийн байгууллагууд судлахын хувьд судалж байгаа. Г эхдээ энэ нь ямар ч боломжгүй. Учир нь дэлхий дээр эргэлдэж байгаа аливаа валютын цаана тухайн улсын бодлого нь хамт явагдаж байдаг. Тийм учраас алтернатив буюу өөр ямар арга зам хайж байна вэ гэхээр улс орнууд өөрсдийн криптовалют гаргахаар төлөвлөж байна. ОХУ крипто рубль, БНХАУ крипто юань гэдэг ч юм уу.

Хэрвээ ийм зохицуулалт хийж чадвал төрөөс олборлох хэмжээ, хязгаарт нь хяналт тавих боломжтой болно. Өнөөдөр өндөр хүчин чадалтай компьютертэй хүн л биткоиныг их хэмжээгээр нь олборлож байна. Хувь хүний шунал дээр дөрөөлсөн ашиг олох энэ механизмыг тодорхой зохицуулалтад оруулахаас өөр аргагүй. Тэгэхгүй бол улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Аливаа зохицуулалтгүй зүйл яагаад аюултай байдаг вэ гэдгийг түүхэн үйл явдлууд гэрчилдэг.

Жишээлбэл, капитализмын суурь болох хөрөнгийн бирж гэхэд анх ямар ч зохицуулалтгүй байсан. Зохицуулалтгүй болохоор ханшийг нь зохиомлоор өсгөхөөс эхлээд янз бүрийн луйвар гардаг байлаа. Цаг хугацааны эргэлтэд хууль журмаар зохицуулахаас өөр аргагүй болсон. Гэтэл биткоинд ийм зохицуулалт хийх ямар ч боломж алга.

-БНХАУ бүр мөсөн хорьсон биз дээ?

-Хорьсон. Шалтгаан нь нэгдүгээрт, улс төрийн бодлого нөлөөлсөн. Хоёрдугаарт, иргэдээ хамгаалах зорилгоор хорьсон.

-Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг манай сонинд ярилцлага өгөхдөө “Дэлхийн улс орнууд хорих нь манай улсад илүү ашигтай” гэж хэлсэн?

-Ашигтай гэдэгтээ биш. Би өмнө нь хэлсэн. Шинжлэх ухаан технологийн үсрэнгүй хөгжлийг хүмүүс дагахаас өөр замгүй. Үүнтэй уялдаад дэлхийн улс орнууд биткоин мэтийн ямар ч хяналтгүй криптовалютыг хорьж, блокчэйн технологи дээр тулгуурласан өөрийн гэсэн криптог гаргах бодлого баримтлах гээд байна. Үүнийг л судалж байна гэж хэлэх гээд байна л даа. Болох нь уу, болохгүй нь уу гэдгийг туршина гэсэн үг. Хэрвээ боломжтой гэвэл Монгол Улсад ч гэсэн боломжтой болж таарна биз дээ. Яагаад гэвэл, өнөөдөр бид олон улсын интеграц руу орж чадахгүй байна. Чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалт гэж их яригдаж байна.

Яг энэ үед нь криптовалютыг өөрсдөө гаргаж чадвал мэдээж төр засгийн зохицуулалт хийж таарна. Ингэхээр биткоин шиг ямар ч баталгаагүй зүйл биш болж таарна биз дээ. Гэхдээ өнөөдрийн байдлаар зөвхөн мөрөөдөл төдий зүйл л дээ. Уг нь хэрэгжвэл далайд гарцгүй улсын хувьд маш их ирээдүйтэй байж мэдэх юм. Нөгөө талаасаа криптовапютын талаар зохицуулалт дэлхийд байхгүй учраас манай улсад ч адилхан боломж хомс байгаа юм.

Хэдхэн хоногийн өмнө биткоины ханш асар их савлагаанд орж иргэд алдагдалд орсныг та мэдсэн байх. Ийм баталгаагүй, хөөсөрсөн ханшны араас иргэд хошуурснаас болж асар их алдагдал хүлээх эрсдэлтэй. Ямар ч зохицуулалтгүй юм чинь төр засаг үүнийг нь хариуцахгүй нь ойлгомжтой. Бидний харж байгаагаар нэг бол мөрийтэй тоглоом эсвэл, санхүүгийн пирамидын хэмжээнд харахаар өөр замгүй. Би түрүүн хэлсэн шүү дээ. Эрсдэлийг бид хянаж чадахгүй.

-Япон Улсад албан ёсоор хүлээн зөвшөөрч, төлбөр тооцооны хэрэгсэл болсон. Европ тивд хэрэглээнд нэвтэрсэн байна лээ.

-Биткоиноор төлбөр төлөхөд ямар ч асуудалгүй. Харин ч тухайн компанид ашигтай. Гэх-дээ хөрөнгө оруулалт гэж харвал маш эрдэлтэй. Энд нэг зүйл сонирхуулахад, зах зээл дээр хөрөнгийн бирж, валютын арилжаа хоёр зүйл бий. Эдгээрээс хамгийн эрсдэлтэй нь валютын арилжаа. Тэгсэн хэр-нээ криптовалют шиг асар их савлагаанд өртдөггүй. Учир нь валютын ханш тухайн улс орны эдийн засгийн үзүүлэлт, экспорт, импортын эргэлт, валютын нөөц зэргээс хамаарч хэлбэлздэг. Тэгвэл криптовалютын ханш иргэдийн сэтгэл зүй дээр дөрөөлж хэлбэлздэг.

-Хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ын хориглосон шийдвэрээс болж ханш эрчтэй буух шиг болсон.

-Үүнээс гадна Японы “Койн чекинг” компаниас болж криптовалютаар үйл ажиллагаа явуулдаг компаниудыг бүртгэдэг байгууллагаас “Хууль зүйн орчноо сайжруулах хэрэгтэй" гэдэг мэдэгдэл гаргасан нь бас нөлөөлсөн.

-Америкийн тал ямар байр суурьтай байгаа юм бол?

-Та анзаарсан бол биткоин дээр АНУ гэсэн нэр бараг гардаггүй.

-Би тэрийг жаахан гайхсан.

-Мэдээллийн технологиороо Ази тив дэлхийд тэргүүлдэг. Төлбөр тооцооны хэрэгсэл нь электрон хэлбэрт шилжсэн нь давалгаа үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн болов уу. Нөгөө талаасаа Европ тэр дундаа Америкууд уламжлалт төлбөр тооцооны хэрэгсэлд сонирхол өндөртэй байдаг нь давалгааны гадна талд байх нөхцөлийг бүрдүүлж өгч байх шиг байна. Өөрөөр хэлбэл, Европ, Америкуудын аливаад илүү тогтвортой ханддагтай холбоотой байх.

-Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хэд хэдэн удаа мэдэгдэл гаргасан. Үүнийг мэргэжилтнүүд “хормойгоо шуух төдий” гэж дүгнэж байна лээ. Та үүнийг юу гэж харсан бэ?

-Манай улсын хувьд дотоодын нөөц бололцоо, чадавхад тулгуурлаж мэдэгдэл гаргасан. Миний бодлоор блокчэйны мэдлэг иргэдэд огт байхгүй гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн биткоины ханшаас болж сэтгэл хөөрлөөр хандаж байгаа. Ийм байхад манай улсын мэдээллийн технологийн хөгжил бусад улсын дэргэд ямар байна вэ. Хөгжил байна уу, үгүй юу гэдэг асуулт гарч ирнэ. Яг үнэндээ бид гаднын “улсын хөгжлийн суурин дээр л тоглолт хийдэг нь худал биш. Өөрийн гэсэн бүтээгдэхүүн байна уу.

Ийм нөхцөлд банк санхүүгийн салбарынхан сүлжээний аюулгүй байдалд хяналт тавих боломж хэр байна. Кибер аюулгүй байдлыг хангах үүрэгтэй хүчний байгууллагуудын чадавх, хууль, эрх зүйн орчин ямар байна гээд асуудал олон бий. Нэгэнт дэлхий тэр даяараа давалгаалж байна. Бид технологийн хөгжлийг гүйцэхгүй нь нэгэнт тодорхой учраас ийм мэдэгдэл гаргасан гэж харсан.

-Гаднын хэвлэлд “Биткоины 80-85 хувь нь хууль бус наймааны төлбөр төлөх хэрэгсэл болдог учир гэмт бүлэглэлүүдийн эзэмшилд байдаг. Үлдсэн хувийг нь зах зээлд нийлүүлэх замаар өнгөлөн далдлалт хийдэг” гэсэн байсан. Энэ мэдээлэл үндэслэлтэй байх боломжтой юу?

-Үнэн, худал гэхээс илүүтэй боломжтой юу гэж харах хэрэгтэй. Учир нь биткоинд иргэд яагаад ингэж ач холбогдол өгч байна вэ гэхээр хөндлөнгөөс оролцох боломж хэнд ч байхгүйд байгаа юм. Олборлох явцаас эхлээд бүх гүйлгээ, арилжаа нь бусад эзэмшигчдийн өмнө ил байдаг.

Энэ утгаараа хэн нэгний гарт төвлөрөх боломж байхгүй гэж би хэлнэ. Харин мөнгө угаах, үндэстэн дамнасан гэмт хэргийг өөгшүүлэх, гэмт үйлдлээ нуун дарагдуулахад боломжийн арга хэрэгсэл болох боломжтой.

-Өнгөрсөн жил дотоодын нэг компанийн серверийг түгжсэн гэмт этгээд төлбөрөө биткоиноор хийхийг шаардаж авсан байна лээ. Иймэрхүү тохиолдол манай улсад цөөнгүй гарах болсон гэсэн. Та түрүүн Солонгос, Япон Улсад болсон тохиолдлыг хэллээ. Үүн шиг биткоиныг онилсон хакерын дайралт таны судалснаар хэр их гарч байна вэ?

-Гэмт үйлдлийнхээ төлбөрт биткоин нэхдэг хакерын дайралт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Олборлохтой холбоотой гэмт үйлдлүүд ч гарч байна. Хамгийн наад зах нь гэхэд хойд, өмнөд хөршид цахилгаан станцтай холбож олборлолт хийсэн тохиолдол гарсан. Хамгийн сүүлд гэхэд Исланд Улсад гурван сая ам.долларын өртөг бүхий процессор хулгайд алдагдсан хэрэг гарсан. Биткоин олборлодог байсан процессор гэсэн үг шүү дээ. Ийм хэрэг маш их гарч байгаа юм билээ.

Зураг