Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Канцлераар томилогдоод анх удаа үг хэлэхдээ Меркель Исламын шашин Германы нэг хэсэг болсныг зарлав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Герман улсыг 12 жил удирдсан Ангела Меркель сүүлийн зургаан сарын турш шинэ засгийн газраа төвхнүүлэх гэж толгой өндийлгүй ажилласан билээ.

Харин өчигдөр тэр канцлерийн шинэ бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлж, парламентад анх удаа үг хэлэхдээ дүрвэгчид, тэдний Германы нийгэм дэх байр суурийн талаар ярьжээ.

Ингэхдээ тэр өөрийн танхимын дотоод хэргийн шинэ сайд Хорст Сихофертай санаа нийлэхгүй байгаагаа шууд илэрхийлсэн байна. Сихофер өнгөрсөн долоо хоногт Bild сонинд ярихдаа “Ислам бол Германд хамаарах зүйл биш” гэж хэлсэн нь дуулиан тарьсан юм.

Харин Меркель “Манай орон түүхэн талаасаа Загалмайтан, Иудейн шашинтай гэдэг нь эргэлзээгүй. Үүнээс гадна Исламын шашин Германы нийгмийн нэг хэсэг болж байгаа нь үнэн” гэжээ.

Тэр сүүлийн жилүүдэд Германд бий болсон дүрвэгчдийн талаар маргаан нь урьд өмнө тулгарч байгаагүй бэрхшээлийг засгийн газарт учруулсныг хүлээн зөвшөөрсөн ч дайны дараах Германыг сэргээн босгоход Турк, Италийн дүрвэгчид чухал үүрэг гүйцэтгэснийг мөн сануулсан байна.

Германд өнөөдөр 4.5 сая муслим хүн амьдарч байгаагийн ихэнх нь радикал үзлийн эсрэг байдгийг Меркель хэлжээ.

 

Эх сурвалж: Quartz