Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гэйтс өөрийн уншсан хамгийн шилдэг номыг нэрлэж, түүнээс 5 баримтыг онцолжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Манай гарагийн дэд баян, тэрбумтан Билл Гэйтс жилд 50 ном уншдаг, номын хорхойтон гэгддэг. Тэр саяхан уншсан Стивен Пинкерийн “Enlightenment Now” номыг өөрийн амьдралдаа уншсан хамгийн шилдэг ном гэж нэрлэжээ.

Харвардын их сургуулийн сэтгэл судлалын профессор Пинкер нь маш олон тооны шинжлэх ухааны ном бичсэн хүн. Тэр энэхүү бүтээлдээ хүн төрөлхтний түүхийг сонирхолтой өнцгөөс ажиглаж, өөдрөг дүгнэлт хийсэн байна.

Пинкерийн үзэж байгаагаар хүн төрөлхтөн өнөөдөр түүхийнхээ хамгийн амар амгалан цаг үед амьдарч байгаа гэнэ.

Тэр бичиг үсэг, амьдралын чанар, аюулгүй байдал зэрэг нийт 15 үзүүлэлтээр дүгнэлтээ хийжээ. 

Билл Гэйтс саяхан өөрийн блогтоо Пинкерийн номонд дурдагдсан таван сонирхолтой баримтыг түүвэрлэн бичсэн байна.

Тэдгээрийг энд танилцуулж байна.

 

Хувцас угаахад зарцуулдаг цаг 1920 онд 11.5 байсан бол 2014 онд 1.5 цаг болсон

 

Технологийн хувьсгал хүмүүсийг, тэр дундаа бүсгүйчүүдийг гэрийн ажлаас чөлөөлж, ажиллах хүчний эгнээнд оруулсан гэнэ. 1920 онд Америк хүн дунджаар долоо хоногийн 11.5 цагийг хувцас угаахад зарцуулдаг байжээ. Гэтэл 2014 онд энэ тоо 1.5 цаг болж буурсан байна.

Алдартай эмч Ханс Рослинг угаалгын машиныг “Аж үйлдвэржилтийн хувьсгалын хамгийн агуу нээлт” гэж нэрлэснийг Пинкер эш татжээ. Зөвхөн угаалгын цаг бус, гэрийн нийт ажлын цаг мөн огцом буурсан байна.

Америк хүн 1900 онд дунджаар долоо хоногт 58 цагийг гэрийн ажилд зарцуулж байсан бол 2011 онд 15.5 цаг болон буурчээ.

 

Ажлын байранд амиа алдах явдал огцом буурсан

 

20 дугаар зууны эхэн үед үйлдвэрлэлийн үйл ажиллагаа автоматжаагүй байсан. 1910 онд Америкийн хүн амын 100,000 үхэл тутмын 70 нь ажлын байрны осол эндэгдлээс болдог байжээ.

Тэгвэл энэ тоо өнөөдөр 5 болж буурсныг Пинкерийн судалгаа харуулж байна. Үүнд инженерүүдийн зохион бүтээсэн машин техникээс гадна үйлдвэрчний эвлэл, хууль тогтоогчид, хэвлэл мэдээллийннхний тэмцэл нөлөөлсөн гэж үзжээ.

 

Өнөөдрийн хүмүүсийн аянганд цохиулж үхэх эрсдэл 100 жилийн өмнөхөөс 37 дахин буурсан

 

Байгалийн аюулт үзэгдлээс сэргийлэх боломж өнөөдрийн хүмүүст эрс нэмэгдсэн байна. Цаг агаарын урьдчилсан мэдээ, боловсрол мэдлэг, анагаах ухааны хөгжил, аюулаас хамгаалах арга хэрэгслүүдээс (барилгын аянга зайлуулагч үүнд орно) болоод өнөөдрийн Америкчуудын аянга цахилгаанд цохиулж үхэх магадлал 100 жилийн өмнөх өвөг дээдсийнхээсээ 37 дахин бага болжээ.

Зөвхөн аянга биш, ерөнхийдөө байгалийн гамшигт нэрвэгдэж амиа алдах тохиолдол 1970-аад оны үед өндөр хөгжилтэй орнуудад 100,000 хүн тутамд 0.09 байсан бол өнөөдөр бараг хоёр дахин багасаж 0.05 болоод байна.

Харин буурай хөгжилтэй орнуудын хувьд энэ үзүүлэлт 0.7-оос 0.02 болж эрс буурсан гэж Пинкер бичжээ.

 

Хүмүүсийн дундаж IQ оноо арван жил тутамд 3 пунктээр нэмэгдэж байна

 

Дэлхийн хүн амын дундаж IQ оноо 10 жил тутамд 3 пунктээр нэмэгдэж байгаа нь бид улам ухаантай болж буйн шинж гэж Пинкер өгүүлжээ.

Оюуны чадавхи удамшлаас ихээхэн хамаардаг ч хүнс тэжээлийн олдоц, анагаах ухаан, боловсролын чанар, амьдрах орчны нөлөө хүмүүсийн тархины хөгжилд нөлөөлж байгаа гэж үзсэн байна.

 

Дайн өнгөрсөн түүх болон үлдэх замдаа оржээ

 

Улс хоорондын дайн, геноцид, харгислал зэрэг нь өнгөрсөн түүхийн сэдэв болж үлдэх шатандаа оржээ.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа буюу 1940-өөд оны сүүлээр дэлхий дахинд дайн тулаанд амиа алдагсдын тоо өнөөдрийнхөөс 5 дахин их байсан.

Сүүлд Сирийн иргэний дайнаас болоод уг тоо нэмэгдсэн байгаа нь энэ юм. Бас 1940-өөд онд буюу Холокостын үед дэлхийн 100,000 иргэн тутамд 350 геноцидоор амиа алдагч ноогдож байжээ. 

Тэгвэл өнөөдөр энэ үзүүлэлт 5 хүрэхгүй болж буурсан байна. Өнөөдөр дэлхийн улс орнууд газар нутгаа хамгаалах зорилгоор, эсвэл НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн зөвшөөрлөөр л хоорондоо дайтдаг болсон. Харин газар нутгаа тэлэх, улс төрийн үзэл бодлоор бусад улс руу дайрч довтлох нь түүх болон үлдэж байгааг Пинкер бичжээ.

Өнөөдрийн дайнууд нь голдуу террористууд, салан тусгаарлагчдын улс дотрох зөрчлүүд болоод байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider