Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Техаст богино хугацаанд 5 дахь бөмбөг дэлбэрч мөрдөгчдийг мухардалд оруулаад байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Сан Антонио хотын ойролцоох FedEx компанийн шуудан түгээлтийн газарт илгээмжтэй бөмбөг дэлбэрсэн нь Техас мужид гарсан тав дахь ийм тэсрэлт боллоо.

Метал хэсгүүд, хадаасаар дүүргэсэн илгээмж Остин хотын нэг цэгээс нөгөө цэгт хаяглагдсан байсан ба хотоос 105 км зайтай шуудан хуваарилах төвд дэлбэрч нэгэн эмэгтэй ажилтны хөлийг шархдуулжээ.

Техас мужид сүүлийн 18 хоногийн дотор таван цуврал дэлбэрэлт болсноос хоёр хүний амь үрэгдэж, бусад дөрвөн хүнийг шархдуулаад байна. Олон зуун аюулгүй байдлын албаныхан, цагдаа нар цуврал бөмбөг дэлбэлэгчийг мөрдөж байгаа ч мухардалд ороод байгаа юм. Илгээмжийн дотор агуулсан зүйлс нь ижил байгаа тул эдгээрийг нэг хүн үйлдэж байгаа гэж үзэж байна.

Өчигдөр дээрх илгээмжтэй нэг газраас илгээгдсэн хоёр дахь илгээмжийг илрүүлж, аюулгүй болгох ажил хийгдсэн тухай FedEx компанийн төлөөлөгч мэдээлжээ. Гэхдээ уг илгээмж тэсрэх бодис агуулж байсан эсэхийг албаныхан нууцалж байгаа гэнэ.

Бөмбөгийг илгээж байгаа этгээдийн талаар мэдээлэл өгсөн хүнд албаныхан $115,000-ын шагнал амлаад байна.  

Мөн Холбооны Мөрдөх Товчооны хэвлэлийн төлөөлөгч үл мэдэгдэх этгээдэд хандан “ямар зорилгоор цуврал дэлбэрэлт үйлдэж байгаагаа” мэдэгдэхийг хэвлэлээр нээлттэй уриалсан байна.

АНУ-ын өнцөг булан бүрээс шилдэг мэргэжилтнүүд, мөрдөгчид ажиллж байгаа ч цуврал дэлбэрэлт үйлдэж буй үл мэдэгдэх этгээдийн талаар ямар ч сэжүүр олоогүй байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters