Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийг хэлэлцүүллээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Төрөөс Мөнгөний Бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын 3 дахь хэсэгт “Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулах” үүргийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хороонд даалгасан. Үүний дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн А-241 дугаар тушаалаар “Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийн төсөл” боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголбанкны бодлогын газрын захирлууд, Монголын Банкны Холбоо, эдийн засгийн судалгаа, шинжилгээний хүрээлэнгүүдийн төлөөлөл багтсан бөгөөд ажлын хэсэг 6 сарын турш ажиллаж, “Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийн төсөл”-ийг бэлэн болгоод байна. Тус төсөлд судлаач, эдийн засагчдын саналыг авах хэлэлцүүлгийг өчигдөр /2018.03.20/ зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Зээлийн хүүг бууруулах чиглэлд өмнө нь боловсруулсан хөтөлбөрүүд, Монголбанкнаас баримталж ирсэн бодлого, чиглэл нь зээлийн хүүний түвшинг захиргаадалтын аргаар бус харин эдийн засаг, санхүү, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх замаар бууруулах зохистой гэж үзэж ирсэн. Захиргаадалтын аргаар хүүг бууруулах оролдлого нь зах зээл, эдийн засагт нэмэлт гажуудлыг бий болгох тул тогтвортой хэрэгжих боломжгүй юм. Ялангуяа, макро эдийн засгийн болон санхүүгийн зах зээлд тогтвортой орчин бүрдээгүй үед зээлийн хүүг захиргаадалтын аргаар бууруулах оролдлого нь санхүүгийн эс зуучлал, хөрөнгийн дутагдлыг бий болгож, санхүүгийн болон эдийн засгийн хүндрэл рүү ч хөтлөх эрсдэлтэй юм. Иймд энэ удаагийн “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг ч зах зээлийн зарчмын хүрээнд боловсруулах учиртай гэв. 

Үүний дараа Монголбанкны Судалгаа, Статистикийн Газрын захирал Д.Ган-Очир “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг нийт оролцогчдод танилцуулж, илтгэл тавилаа.  

Стратегийг тоймлон онцолбол, зээлийн хүүг бууруулахдаа макро эдийн засгийн орчинг бүрдүүлэх, бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, банкуудын эрсдэл даах чадвар, үр ашиг болон засаглалыг сайжруулснаар зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзэж байна. Энэ хүрээнд стратегийн 11 зорилтыг тодорхойлж, стратеги тус бүрийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан байна. Зээлийн хүүг бууруулах стратегийн 11 зорилт нь: 

  • Инфляцийг тогтвортой, нам түвшинд байлгах – инфляцийн зорилтот түвшинг хангах  
  • Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, улсын секторын гадаад өрийн тогтвортой байдлыг хангах  
  • Төсвийн сахилга батыг хангах, макро бодлогын уялдааг сайжруулах  
  • Эдийн засгийг төрөлжүүлэх, дотоод хуримтлалыг нэмэгдүүлэх  
  • Бодлогын хүүний коридорыг ашиглан хүүний сувгийн нөлөөг сайжруулах 
  • Санхүүгийн долларжилтыг бууруулах  
  • Хүчтэй санхүүгийн системтэй болох, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх 
  • Зээлийн мэдээллийн сан, зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх 
  • Зээлийн эрсдэлийг бууруулах, энэ чиглэлд эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох  
  • Банкуудын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх  
  • Төрийн болон санхүүгийн байгууллагуудын засаглалыг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах зэрэг болно.  

Хэлэлцүүлэгт оролцогсдын зүгээс зээлийн хүүг бууруулахад Төв банк санаачилга гаргаж ажиллаж буйд талархлаа илэрхийлэв. Түүнчлэн хүүг бууруулахад дан ганц Төв банк гэлтгүй төр засгийн бүхий л институциуд хамтран ажиллах шаардлагатай гэдгийг онцоллоо. Мөн зээлийн өр төлбөр барагдуулахтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны зардал өндөр, хэт их цаг хугацаа зарцуулагдаж буй нь хүүг өндөр тогтоох бас нэг шалтгаан болж байна. Тийм учраас хууль эрх зүйн орчин, шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай гэдгийг онцоллоо.  Инфляцийг бууруулах замаар эх үүсвэрийн зардлыг бууруулах, шаардлагатай бол Төв банкнаас банкуудад тогтоож буй заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах нь зээлийн хүүг бууруулахад бас нэгэн чухал дэмжлэг болно гэх зэргээр оролцогсод байр сууриа илэрхийлэв. 

 

Эх сурвалж: Монголбанк