Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Батхуяг: С.Баярцогтыг Ардчилсан Намын гишүүнчлэлээс ХАСАХ шийдвэр гаргалаа

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намаас Үндсэн дүрмийн хороо, Дотоодын сонгуулийн хорооноос гаргасан зарим шийдвэр болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/809741519211418/
Ардчилсан намаас Швейцарийн Холбооны Улсын прокурорын газарт албан ёсоор тодруулга авахаар хандсан

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай "Ардчилсан нам бол ямар ч төрлийн авлига, хээл хахуультай эвлэрч байгаагүй. Цаашид ч эвлэрэхгүй.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж Ардчилсан намын улстөрийн зөвлөлөөс гарсан мэдэгдлийг танилцуулъя.

 
Гэрэл зургийг mpa.mn

Мэдэгдэлд "Монгол Улсаа төлөөлж, гадаадын хөрөнгө оруулагч, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулахдаа Эх орныхоо эрх ашигт ноцтой хохирол учруулж, улмаар авлига, хээл хахууль авсан нь шүүхээр нотлогдсон бол нам, эвсэл, нэр нөлөө, эрх ямба харгалзахгүй хуулийн дагуу хатуу шийтгэгдэх ёстой гэж Ардчилсан нам үзэж байна.

С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын Сангийн сайд С.Баярцогттой холбоотой мэдээлэл цахим орчинд тархлаа. Дээрх мэдээллийн үнэн зөвийг албан ёсоор тодруулахаар Ардчилсан намаас Швейцарийн Холбооны Улсын прокурорын газарт албан ёсоор тодруулга авахаар хандсан. Энэхүү асуудалд С.Баярцогт гэм буруутайд тооцогдвол Монгол Улсаас Рио Тинто компанитай байгуулсан гэрээг эргэж харах зайлшгүй нөхцөл үүсэж болзошгүй юм.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын тэргүүлсэн Засгийн газрыг гишүүд болон Монголын улс төрчидтэй холбоотой офшор данс, авилга, хээл хахуулийн гэмт хэрэгт нэр холбогдсон асуудлуудыг нэг мөр болгон цаг алдалгүй шийдвэрлэхийг олонхийг бүрдүүлж буй УИХ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудаас Ардчилсан нам хариуцлагатайгаар шаардаж байна" гэжээ.

Ардчилсан намын даргын тушаал гарч С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гарлаа
 
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намын хуулийн газрын дарга Д.Батхуяг "Үндсэн дүрмийн хороо хуралдаж Ардчилсан намын даргын тушаал гарч С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гарлаа. 

Тушаалд "Ардчилсан намын гишүүн С.Баярцогтыг Ардчилсан намыг гишүүнчлэлийн бүртгэлээс хассугай. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанд үүрэг болгосугай" гэжээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Уг асуудлаар Баярцогт гишүүнтэй өөртэй нь уулзсан болов уу?

Д.Батбаяр: Ардчилсан намын үндсэн дүрмийн хороонд өөрийн биеээр ирж тус асуудалтай холбоотой тайлбар хийх бүтэн нэг жилийн хугацаа, болон боломж байсан. Энэ хугацаанд өөрөө ирж ямар нэгэн тайлбар одоо хүртэл өгөөгүй байна.

- Ардчилсан намын зүгээс Швейцарийн прокурорын байгууллагатай холбогдож тодруулга авсан уу?

Д.Батбаяр: Гадаадын болон дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өчигдрөөс тус мэдээ гарч эхэлсэн, гарсан мэдэллүүдэд Швейцарийн прокурорын байгууллагад мэдээлэл байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Тийм ч учраас Ардчилсан нам тухайн байгууллагад тус мэдээллийн үнэн зөв эсэх талаар тодруулга өгөх тухай бичиг явуулахаар бэлдээд байна.

 - Швейцарийн прокурорын байгууллага манай улсын шүүх, прокурорын байгууллагатай тус асуудлаар хамтран ажиллах уу? Манай прокурорын байгууллагаас ямар нэгэн дүгнэлт гаргасан уу?

Ц.Туваан: Манай намын гаргасан тус шийдвэр зөвхөн намын гишүүнчлэлтэй холбоотой дотоод шийдвэр. Улс орон хоорондын хууль хяналтын байгууллагын харилцан хамтын ажиллагаа болон хууль тогтоомжийн хүрээнд шийдэгдэх тусдаа өөр асуудал юм.

- Өмнө бас Баярцогттой холбоотой нэг сая долларын офшор дансны асуудал гарч байсан, тухайн үед ямар нэгэн хариуцлага намын зүгээс тооцож байсан уу?

О.Магнай: 2017 оноос Ардчилсан намын шинэчлэл эхэлж үндсэн дүрмээ шинээр баталсан. Өнөөдрийн тооцож буй ёс зүйн хариуцлага бол дүрмийн хүрээнд шинээр батлаж буй шинэ асуудал. 

- Цаашид авилгын хэрэгт холбогдсон хүмүүст иймэрхүү хариуцлага тооцож намаасаа хасах арга хэмжээ авч эхэлнэ гэсэн үг үү?

О.Магнай: Олон улсын хэвлэл мэдээлэлд Баярцогтын дансны үлдэгдэл 1.8 сая доллар байна гэж мэдээллэсэн. Өнөөдрийн энэ асуудал зөвхөн нэг хувь хүн гэхээс илүүтэй улс төрийн нам дамнасан бүлэглэлд мөн давхар тооцогдно. Иймэрхүү бүлэглэлээс ардчилсан нам цэвэрлэгдэх эхний алхам хийгдэж байна.