Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Бямбасүрэн: Улсын төсөвт 167.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ

Б.Туул
2018 оны 3 сарын 20
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Агаарын тээврийн либералчлал, Иргэний нисэхийн салбарын шинэчлэл” удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Иргэний нисэхийн ерөнхий газрын  дарга Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Нисэхийн салбарын тулгамдсан асуудлууд, цаашдын хөгжлийн чиг хандлага, агаарын тээврийн либералчлал зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэж байна. Шинэчлэлийн хүрээнд хэлэлцэж буй өөр ямар асуудлууд байна вэ?

-“Агаарын тээврийн либералчлал, Иргэний нисэхийн салбарын шинэчлэл” удирдах ажилтны зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ.

Энэ зөвлөгөөнийг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн санаачилгаар ИНЕГ хамтран зохион байгуулж байна. Энэ үеэр бид агаарын тээврийн либералчлал-хууль эрх зүйн шинэчлэл, нисэх буудлуудын хөгжлийн чиг хандлага, агаарын навигацийн үйлчилгээ, ерөнхий зориулалтын нисэхийн хөгжлийн чиг хандлагын талаарх олон чухал асуудлыг хэлэлцэж байна. Агаарын тээвэрт либералчлал, салбарын шинэчлэл зайлшгүй хийгдэх шаардлагатай байна. Жишээ нь, хуулийн шинэчлэл гэхэд л 1999 онд баталсан Иргэний нисэхийн тухай хууль өнөөдрийг хүртэл шинэчлэгдэж, өөрчлөгдөөгүй байна.

Шинэчлэлийн асуудлыг бид сүүлийн 10-аад жил ярьж байна. Салбар дотроо ч бас шинэчлэл хийе, агаарын тээврийн либералчилъя, агаарын тээвэрт чөлөөтэй өрсөлдөх бололцоог хангая гэсэн асуудлуудыг өнгөрсөн хугацаанд ярьсаар ирсэн. Эдгээр асуудлыг өнөөдөр агаарын тээвэрлэгч нар, агаарын тээврийн компаниуд, дээр нь аялал жуулчлалын компаниуд, агаарын тээврийн бүх төлөөллүүдийг оролцуулсан зөвлөгөөн болж байна. Энэ зөвлөгөөнөөр тодорхой асуудлууд шийдэгдэх байх гэж харж байна.

Агаарын тээврийн шинэчлэл гэдэг нь Монгол Улсын иргэд, гадаадын жуулчид, Монголд хамгийн хямд тийзээр, олон нислэгээр ирэх тэр бололцоог хангаж өгөхийн төлөө ажиллаж байна.

- Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ. Өнөөдрийн хурал ямар хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах вэ. Мөн удирдах ажилтнуудын түвшинд ямар асуудлуудыг хэлэлцэх бол?

- “Агаарын тээврийн либералчлал” сэдвийн хүрээнд эхний өдөр олон нийтийн хамгийн их сонирхдог тийзний үнэтэй холбоотой асуудлууд, либералчлалын талаарх олон улсын чиг хандлага, Монголд агаарын тээврийн либералчлалыг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн томоохон өргөтгөсөн хуралдаан болсон.  Аялал жуулчлалын хөгжилтэй холбоотой асуудлууд ч яригдаж байгаа учраас бусад холбогдох яамдаас, авиа компаниуд, мэргэжлийн холбоодын төлөөллүүд, тийз борлуулагчид оролцож байна.

Өнөөдөр болох хурлаар иргэний нисэхийн салбарын шинэчлэлийн асуудлыг өргөн хүрээнд удирдах ажилтнуудын түвшинд хэлэлцэнэ. Энэ өдрийн зөвлөгөөнөөр шинэ нисэх буудал, авиа компаниудын асуудал, хууль эрх зүйн шинэчлэл, ерөнхий зориулалтын агаарын тээврийн хөгжил, нисэх буудлуудын шинэчлэлт, орон нутгийн нисэх буудлуудын цаашдын чиг хандлага зэргийг нарийвчлан ярьж зөвлөмж гаргана. Зөвлөгөөнд ЗТХЯ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, бүх авиа компаниуд, мэргэжлийн холбоодын төлөөлөл, орон нутгийн нисэх буудлуудын удирдлагууд мөн оролцоно.

- Таны ярианд ч бас дурдлаа. Иргэд, зорчигчдын дунд хамгийн их яригддаг, шүүмжлэлтэй ханддаг нэг зүйл бол тийзний үнэтэй холбоотой асуудал байдаг.  Энэ асуудлыг шийдвэрлэхэд авиа компаниуд бас өөрсдийнхөө саналыг хэлж байгаа байх. Ер нь агаарын тээвэр, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тийзний үнийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр хэлэлцэж байна вэ?

- Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд нислэгийн тийзийн үнэ нөлөөлж байна гэдэг нь бас нэг талын өрөөсгөл ойлголт юм. Агаарын тээвэрт зайлшгүй байх ёстой зүйл бол чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, боломжийг нээж өгөх явдал. Дээр нь шатахууны үнэтэй холбоотой асуудал. Зөвлөгөөнд тавьж буй илтгэлүүдээс та бүхэн сонссон байх. Зах зээл дээр байгаа үнийн дүнгээс 20 хувиар илүү үнэтэй шатахууныг Монгол Улс  хэрэглэж байна.

Тиймээс бид иргэд зорчигчдыг хямд тийзээр зорчих бололцоог нь хангаж өгөхийн тулд төрөөс бас шатахууны асуудал дээр болон бусад асуудлууд дээр анхаарч өгөөсэй гэж бодож байна. Мөн шатахууныг яаж олон талаас нь өрсөлдөөнтэй, боломжтой оруулж ирэх талаар бид бас энэ зөвлөгөөнөөр ярьж байна. Үүний дараа  тийзний асуудлыг яаж хямдруулж болох вэ гэдгээ шийднэ. Жишээ нь, бага үнээр нисдэг авиакомпанууд байна.  Эдгээр  компанийнх шиг нислэгүүдийг яаж нээж болох вэ гэдгийг бас энэ удаа ярина.

- Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлыг хэзээ ашиглалтад оруулах вэ, авиа компаниуд нүүхэд бэлэн үү гэсэн асуудал бас иргэдийн сонирхлыг татаж байгаа. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ. Нөгөөтээгүүр, “Чингис хаан” нисэх онгоцны буудлын байрыг ямар зориулалтаар ашиглах гэж байгаа вэ.  Төрд хүлээлгэж өгөх үү?

-Хөшигийн хөндийн нисэх буудлын барилгын ажил ерөнхийдөө дууссан. Одоо жижиг барилгуудын ажил явагдаж байгаа. Мөн Японы талтай хамтарсан менежментийн хэлцлийн асуудлуудыг ярьж байна. Ерөнхийдөө бид нар энэ жилдээ багтааж үйл ажиллагаагаа явуулах ёстой гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Үүний дараа Буянт Ухаа нисэх онгоцны буудлыг юунд ашиглах вэ гэдэг асуудлыг ярина. Нисэхийн болон нисэхийн бус чиглэлээр цаашид ашиглаж болно гэсэн  өөрсдийнхөө саналыг хүргүүлсэн. Энэ саналуудыг Зам, тээврийн хөгжлийн яам Монгол Улсын Засгийн газарт оруулаад шийдвэр гаргах байх.

-Өнгөрсөн жил нисэхийн салбарынхан навигацийн орлого гэж улсад хэдэн төгрөг төвлөрүүлсэн бэ?

-Өнгөрсөн жил улсын төсөвт бид 145 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн. Энэ жил улсын төсөвт 167.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Сүүлийн жилүүдэд навигацийн орлого өсөх хандлагатай байна. Дээрээс нь энэ удаагийн зөвлөгөөнөөр Монголд аялал жуулчлалыг  хөгжүүлэхэд агаарын тээврийн салбарын үйлчилгээ хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудлыг ч бас хэлэлцэж байна. Агаарын тээврийн хөгжил, нисэх буудлуудын шинэчлэлт гээд ярихаар МИАТ навигацийн орлогоо өөрсдийнхөө үйл ажиллагааг сайжруулах зардалд ашиглаад явж болдоггүй юм уу гэсэн бодол бас байх юм?

-Үүнийг тодорхой шийдвэр гаргах ёстой байгууллагууд нь мэдэх байх. Сангийн яам, Монгол Улсын Засгийн газар энэ шийдвэрүүдийг  гаргах байх. Бидний хувьд бол улсын төсөвт төвлөрүүлэх мөнгийг олох ёстой, дээр нь үйл ажиллагаагаа авч явах тодорхой хэмжээний үйлдвэрлэлийн зардлаа олох ёстой. Мөн Хөшигийн хөндийн нисэх буудлын үйл ажиллагааг цаашид авч явах компанийн тодорхой хэмжээний хөрөнгийг иргэний нисэхээс гаргах ёстой.

МИАТ компанийн хувьд, өөрсдийнхөө асуудлыг Төрийн өмчийн хороо болон Зам тээвэр, хөгжлийн яамандаа ч тавьж байгаа. Шинэ Бойнг 667 онгоц худалдаж авсантай холбоотойгоор зээлийн эргэн төлөлтийн асуудлуудыг ч ярьж байна.  Үүнийг манай яам болон төрийн өмчийн хороондоо ярьж, хэлж байгаа.

-Танай байгууллага хамгийн сүүлд 2013 онд удирдах ажилтныхаа зөвлөгөөнийг зохион байгуулж байсан. Энэ удаагийн зөвлөгөөнөөс ямар үр дүн хүлээж байгаа вэ?

- Засгийн газар болон, ЗТХЯ-аас дэвшүүлсэн хэд хэдэн зорилт байгаа. Тэдгээрийг хэрэгжүүлэх арга зам, гарц нь энэ хоёр өдрийн хуралдаанаас эхлэлтэй гэж үзэж байгаа. Хэлэлцэгдсэн асуудлуудыг УИХ, Засгийн газрын түвшинд хэрхэн шийдүүлэх вэ гэдгийг дэвшүүлсэн, салбарын хөгжлөө өргөн хүрээнд ярилцсан чухал ач холбогдолтой хурлууд болно.

Удирдах ажилтны зөвлөгөөн хамгийн сүүлд 2013 онд зохион байгуулагдсан. Түүнээс хойш салбарт олон зүйл өөрчлөгдсөн байгаа. Тиймээс өнөөг хүртэл бид юунд хүрэв, цаашид яаж хөгжиж, дэвших вэ гэсэн ирээдүйн зорилт, зорилгоо улам сайн тодорхойлж чадна гэсэн үр дүнг хүлээж байна.

Зураг