Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр ОУСК-тай хамтран ажиллана

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Худалдааг хөнгөвчлөхөд чиглэсэн шинэчлэлийн ажлыг түргэтгэх, Монгол Улсын хөдөө аж ахуйн экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Гадаад Харилцааны Яам (ГХЯ) болон Дэлхийн Банк Группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. 

Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын худалдаатай холбоотой хууль тогтоомжийн цахим мэдээллийн сан болох Худалдааны мэдээллийн портал байгуулахад ОУСК-ийн зүгээс ГХЯ-нд туслалцаа үзүүлнэ. Ирэх тавах жилийн хугацаанд тус төсөл мөн худалдаа, гаалийн зохицуулалтыг боловсронгуй болгож, хилийн хяналтыг хялбаршуулах төдийгүй экспортын шаардлагыг хангахад хувийн хэвшлийн чадавхийг нэмэгдүүлэхэд дэмжлэг болох юм.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Худалдааг хөнгөвчлөх нь Засгийн газрын худалдаа, эдийн засгийн хөгжлийн бодлогын гол тулгуур билээ. Энэ нь Монгол Улс экспортын өсөлтийг нэмэгдүүлэх зорилгодоо хүрэхэд ихээхэн хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Монголын худалдаа эрхлэгчдэд тулгараад буй саад бэрхшээлийг бууруулах, худалдааны дүрэм журмыг хялбаршуулах, холбогдох зардлыг багасгахад Дэлхийн Банк Группээс дэмжлэг үзүүлж байгаад Монгол Улсын Засгийн газар талархаж байна” гэлээ. 

Энэхүү төсөл нь экспортыг төрөлжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Дэлхийн Банк Группын зүгээс Монголд хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний нэг хэсэг юм.

Дэлхийн Банк нь “Экспортыг хөгжүүлэх хөтөлбөр”-өөр дамжуулан даатгалд хамруулах, чадавхийг бэхжүүлэх, санхүүжилт олгох зэргээр экспортлогчдыг дэмжин ажилладаг. ОУСК-ийн энэхүү төсөл нь хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэгчдэд экспортын стандартын шаардлагыг хангахад туслах зорилгоор салбарыхантай хамтран ажиллана. Өнгөрсөн жил ОУСК-ийн зүгээс Монголын хөдөө аж ахуйн салбарыг дэлхийн өртгийн сүлжээнд нэвтрэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хэрхэн татах тухай зөвлөмж бүхий иж бүрэн тайланг гаргасан. 

ОУСК-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Туен Д. Нгуен “Ил тод, нээлттэй, цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн худалдааг хөнгөвчлөх тогтолцоо бүрдсэнээр Монголын бизнес эрхлэгчид, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компани, хувь хүмүүс гадаадын түншүүдтэйгээ худалдаа, арилжаа хийхэд илүү хялбар болно. Ингэснээр Монгол Улсын экспортын өрсөлдөх чадварыг сайжруулахад түлхэц үзүүлэх юм.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс бизнесийн орчинг сайжруулах, экспортыг төрөлжүүлэхэд гаргаж буй хүчин чармайлтыг Дэлхийн Банк Групп дэмжсээр байх болно" гэлээ.

Хөдөө аж ахуйн салбар нь Монгол Улсын эдийн засгийн голлох нэг салбар бөгөөд ДНБ-ний 7 хувийг бүрдүүлдэг ба мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 61 хувийг мах, сүүн бүтээгдэхүүн эзэлж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэх нэгжээр Дэлхийн Банк Группын Макро эдийн засаг, Худалдаа, Хөрөнгө оруулалтын газар ажиллана.

 

Эх сурвалж: Дэлхийн банк