Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

С.Бадрал: Монгол бичгийн кодчилол нь авиа зүйн загвараараа байх ёстой

А.Намуун, iKon.mn
2018 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монгол бичгийн кодчиллын тухай асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Энэ үеэр зарим мэргэжилтнээс Монгол бичгийн кодчилолд ямар асуудал тулгарч байгаа, шийдэх ямар гарц байгаа талаар тодрууллаа.

"Фонетик загвараа засаж, сайжруулах хэрэгтэй"

"Болорсофт" компанийг үүсгэн байгуулагч С.Бадрал "Компьютерт кирилл, латин үсгийг кодолж оруулсан байдаг шиг Монгол бичгийг кодлох асуудал өнөөдөр яригдаж байна. Өнөөг хүртэл энэхүү кодчилол байсан.

2000 онд фонетик буюу авиа зүйн загварыг бариад юникод стандарт руу орсон. Энэ нь 18 жил тогтворгүй асуудалтай явж, энэ байдлаараа цаашид бичихэд хүндрэлтэй болоод байна. Олон улсын юникодын байгууллагаас энэ асуудлыг энэ чигээр нь байлгаж болохгүй, үүнийг сууриар нь шийдэж, өөрчлөх хэрэгтэй гэсэн.

Ингэснээр хоёр загвар яригдаж эхэлсэн. Нэг нь дүрсийг барьсан, нөгөөх нь авиа зүйн загвар. Өнөөг хүртэл барьсан загвар нь авиа зүйн загвар учраас дүрсээр кодлох тухай илүү яригдаж байгаа. 

Гэвч үсгийг задлаад цаашлаад дүрсээр нь хадгалсны дараа үгийн мэдээллээ олж авах нь их түвэгтэй, магадгүй боломжгүй зүйл болж байгаа юм. Тиймээс манай компанийн зүгээс монгол бичгийн кодчилол нь фонетик загвараараа байх ёстой хэмээн үзэж байна. Гэхдээ энэ загвараа засаж, сайжруулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа" гэв.

"Цахим хайлтын илэрц дээр хамгийн чухал асуудал нь илрэхгүй байна"
 

Монгол бичигтний Хөх тэнгэр Б.Цэнд-Аюуш "Яг одоогоор олон улсын баримжаа код болох юникодоор цахим орчинд бичихэд хамгийн тулгамдаж буй асуудал бол нөхцөлүүдийг маш буруу дүрсэлдэг. Үүнээс болж нэг программ дээр бичигдсэн бичвэрийг хуулж аваад өөр талбар дээр тавихад нөхцөл, махбодийн хувьд буруу дүрслэгддэг зэрэг асуудлууд байдаг. Тэдгээр асуудлуудаас болж олон төрлийн цахим хайлтын илэрц дээр хамгийн чухал асуудал нь илрэхгүй байх тохиолдол их байна.

Тиймээс манай Монгол бичигтний Хөх тэнгэр холбооны зүгээс авиа зүйн кодыг санал болгож байгаа. Сэлгэдэг авиаг нэг дүрсээр тэмдэглэхийг бид саналдаа оруулсан. Ингэснээр хайлтад илүү оновчтой илэрц илрэх боломжтой гэж бид бодож байна" гэлээ.