Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллээ Трампын сонгуульд ашиглуулсан хэрэгт орооцолдов

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүк компанийн хэрэглэгчийн их хэмжээний мэдээлэл Дональд Трампын сонгуулийн сурталчилгаанд ашиглагдсан хэрэг дэлгэгджээ.

Уг хэрэгтэй холбоотойгоор АНУ, Европын хууль тогтоогчид тус компанийн үүсгэн байгуулагч Марк Зукербергийг байцаалт өгөхийг шаардаж эхэлсэн байна.

2016 оны сонгуулийн үеэр Оросын суртал нэвтрүүлгийг дамжуулсан асуудал яригдахад өнгөрсөн намар тус компанийн бусад удирдлагууд сенатад мэдүүлэг өгч байсан. Харин энэ удаа Марк Зукербергийг өөрийн биеэр мэдээлэл өгөхийг шаардаж эхэлжээ.

Тухайлбал Миннесота мужийн сенатор Эми Клобукар Бямба гарагт твиттер хуудсандаа “Уг платформ өөрөө өөрийгөө зохицуулж чадахгүй нь ойлгомжтой боллоо. Тэд бидэнд итгэ гэж хэлдэг. Марк Зукерберг одоо Сенатын хорооны өмнө мэдүүлэг өгөх хэрэгтэй” гэж бичсэн байна.

Массачусетсийн ерөнхий прокурор Маура Хили бас Фэйсбүүкийн мэдээлэл алдагдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.

Фэйсбүүк өнгөрсөн Баасан гарагт мэдээлэхдээ 2015 онд нэгэн профессор судалгааны зорилгоор тус компанийн платформд нэвтрэх эрх авч, 270,000 хүнийг оролцуулсан санал асуулга явуулж байсан гэсэн юм.

Тухайн үед Фэйсбүүкийн бодлого одоогийнхоос илүү зөөлөн байсан учраас профессор дээрх хэрэглэгчдийн бүх хувийн мэдээлэл, тэдний найз нарын мэдээллийг цуглуулж, нийт 50 сая орчим хэрэглэгчийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон байна.

Харин дараа нь тэр энэхүү мэдээллээ Трампын сонгуулийн онлайн сурталчилгааг хариуцсан Британий Cambridge Analytica компанид дамжуулжээ.

2015 онд Фэйсбүүк уг явдлыг олж мэдээд профессорын эрхийг хааж, Cambridge Analytica компаниас авсан хэрэглэгчийн мэдээллээ устгахыг шаардсан гэнэ.

Харин Баасан гарагт тэд мэдээлэл нь устаагүй болохыг сая л мэдсэнээ зарласан байна. Эндээс үндэслээд сонгуулийн онлайн сурталчилгаанд Трамп өрсөлдөгчөөсөө илүү давуу талтай ажилласан болох нь тогтоогджээ.

Их Британий парламентийн гишүүн Дэмиан Коллинз мөн Марк Зукербергийг өөрийн комиссийн өмнө ирж мэдүүлэг өгөхийг Ням гарагт шаардсан байна.

Уг явдалтай холбоотойгоор Фэйсбүүк сүлжээнд АНУ­-ын хууль тогтоогчид хатуу хяналт, зохицуулалт нэвтрүүлж магадгүй болоод байгаа юм.

Мөн хэрэглэгчийн хувийн мэдээллийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр улс төрийн зорилгод ашигласан хэргээр Фэйсбүүк их хэмжээний торгууль төлөх магадлалтай байна.

Cambridge Analytica компани нь Европын Холбооноос Британийг гаргах санал хураалтын сурталчилгааны ажиллагаанд бас оролцож байсан юм.

 

Эх сурвалж: Bloomberg