Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх онд Хятадад $10,000 хүрэхгүй үнэтэй цахилгаан машиныг 3D хэвлэгчээр үйлдвэрлэж эхэлнэ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Италийн X Electrical Vehicle компани өөрийн зохион бүтээсэн хямд, энгийн, бага хурдтай автомашинаа 2019 оноос Хятадад бөөнөөр үйлдвэрлэж эхлэхээр болсон байна.

Онцлог нь уг машиныг 3D хэвлэгчээр үйлдвэрлэх ажээ.

2019 оны хоёрдугаар улиралд эхний машин гудамжаар давхина гэж тооцоолсон байна. Уг машин нь 60,000 юаний ($9,478) үнэтэй, 70 км/цаг хүртэл хурдлах чадвартай, нэг цэнэглэлтээр 150 км зам туулдаг байх гэнэ.

Машиныг бөөнөөр үйлдвэрлэх газруудтай яриа хэлэлцээрээ дуусах шатанд ороод байгааг компанийн төлөөлөгч мэдээлжээ. Туршилтын загварыг нь ирэх сард Бээжинд нээгдэх Auto China 2018 үзэсгэлэнд тавихаар болсон байна.

X Electrical Vehicle компани уг бүтээлээ дэлхийн анхны 3D хэвлэлтээр үйлдвэрлэгдэх цахилгаан машин гэж үзэж байгаа юм. Одоогоор шуудан хүргэлтийн зэрэг олон компаниудаас 7,000 захиалга аваад байна.

Цонхнууд, дугуй, эх биеийн хайрцагнаас бусад бараг бүх хэсэг нь 3D хэвлэгчээр үйлдвэрлэгдэх ажээ. Хэрвээ захиалга нэмэгдэж, үйлдвэрлэл эрчимжвэл 2024 он гэхэд нэг машин үйлдвэрлэх зардал нь тал хүртлээ буурах гэнэ.

Хоёр хүний суудалтай уг машин 450 кг жинтэй байх ба ойролцоо оврын бусад машинуудаас бараг хоёр дахин хөнгөн байх ажээ. 3D хэвлэгчтэй нэг иж бүрэн үйлдвэрлэх шугам нь жилдээ 500 ширхэгийг гаргах чадалтай.

Хятадын засгийн газар 2014 онд цахилгаан болон холимог хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлж эхэлсэн тул зах зээлийн эрэлт хурдтай нэмэгдэж байгаа юм.

 

Эх сурвалж: South China Morning Post