Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Урд хөрш АНУ, Орос, Япон, Германы хүн амыг нийлүүлснээс ч олон хүнийг ядуурлаас гаргажээ

Үндэсний шуудан сонин
2018 оны 3 сарын 19
Үндэсний шуудан
Зураг зураг

БНХАУ-ын эрх баригчид саяхан болж өнгөрсөн хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын жил тутмын ээлжит чуулганыхаа үеэрээ энэ онд хөдөө орон нутгийн 10 сая хүнийг ядуурлаас гаргахаа амласан билээ.

Одоогоос бараг 40 жилийн өмнөөс шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснээсээ хойш Хятад Улс нь АНУ, Орос, Япон болон Германы хүн амыг нийлүүлснээс ч олон буюу 700 сая гаруй хүнийг ядуурлаас гаргаад байна.

Өөрөөр хэлбэл, тус улс дэлхийн ядууралтай тэмцэх хүчин чармайлтад хамгийн их хувь нэмэр оруулжээ. Үүнээс гадна тус улс дэлхийн нийгмийн хамгааллын хамгийн том системийг бий болгож, ядуурлын төвшинг 3.1 хувьд хүргэж бууруулж чадсанаараа НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтод хүрсэн анхны улс болж байна. Ядууралтай тэмцэхэд Хятадын гаргасан ололт амжилт нь тус улс дотооддоо төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн хэмжээнд хүний эрхийг хангах хамгаалах чиглэлээр ихээхэн хувь нэмэр оруулж байгааг илтгэн харуулж байгаа юм.

Хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг Хятад Улс нь сүүлийн жилүүдэд эдийн засгийн хөгжлийн хувьд амжилт гаргаж чадсан ч өнгөрсөн оны эцсийн байдлаар тус улсад ядуурлын босгоос доогуур орлоготой 30 сая орчим хүн байжээ.

Тиймээс БНХАУ-ын Засгийн газар ард иргэдийнхээ амьжиргааны төвшинг дээшлүүлэх, хөгжлийг хөхиүлэн дэмжихийг нэн тэргүүний зорилтоо болгож, эдгээр асуудлыг Үндсэн хуульдаа тусгаж өгөөд байна. 2020 он гэхэд хөдөө орон нутагтаа үгээгүй ядуурлыг үндсээр нь устгах зорилгодоо хүрэхийн тулд тус улс ядууралд хүргэж буй хүчин зүйлсийг судлах, хөгжил буурай газруудад очин нөхцөл байдалтай биечлэн танилцахыг бүх шатны холбогдох албаны хүмүүст үүрэг болгоод байна. Мөн өрх бүр, өрхийн гишүүн бүрт ядуурлыг бууруулах төлөвлөгөөг холбогдох албаны хүмүүс танилцуулж, зөвлөгөө өгч байна.

Ядууралтай тэмцэх кампанит ажлыг хариуцан хэрэгжүүлж буй хүмүүс хариуцлага алдсан тохиолдолд хатуу шийтгэл ногдуулж байгаа. БНХАУ-ын ядууралтай тэмцэх арга барилыг дэлхий нийт сайшааж, үлгэр дууриал авч эхлээд буй.

Дэлхийн улс орнууд ядууралтай хэрхэн тэмцэж, хэр ахиц дэвшил гаргаж буйг Дэлхийн банк Хятадын Засгийн газрын хамт нэг жилийн хугацаанд судалсныхаа дараа буюу 2016 онд мэдэгдэл хийхдээ “Хятад Улс өнгөрсөн 25 жилийн хугацаанд ядуурлыг бууруулахад хамгийн их ахиц дэвшил гаргаж чадсан” гэжээ. Мөн Хятадын ядуурлыг бууруулахад гаргасан ололт амжилтын талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Сүүлийн 10 жилийн хугацаанд БНХАУ дэлхийн ядуурлыг бууруулахад хамгийн их хувь нэмэр оруулсныг бид мартах учиргүй” гэсэн юм.

Зураг