Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ дахь Британий 23 дипломатчийг хөөж, консулын газрыг хаахаар боллоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө ОХУ-ын гадаад хэргийн яам Москва дахь Их Британий элчин сайдын яамны 23 дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөж, Британий консулын газрыг хаахаар болсноо мэдэгджээ.

Британид амьдарч байсан Оросын тагнуулын экс ажилтан Сергей Скрипал, түүний охин Юлия нарыг гуравдугаар сарын 4-ний өдөр химийн бодисоор хордуулж алахыг завдсан хэрэг гарсан билээ. Уг хэргийг ОХУ-ын эрх баригчид захиалсан гэж Британий засгийн газар дүгнэж, Москвагийн эсрэг зарим хориг тавьсны хариуд ийм арга хэмжээ авсан байна. Бас Санкт Петрбург хотод Британий консулын газар нээх зөвшөөрлийг нь цуцалжээ.

Британий тал Лхагва гарагт ОХУ-ын 23 дипломат ажилтныг хөөж, Оросын иргэдийн хөрөнгийг царцаах арга хэмжээ авсан юм. Оросын дипломатуудыг энэ сарын 20-ны дотор Британиас гарах шаардлага хүргүүлсэн байгаа. Гэр бүлийнхэнтэйгээ нийлээд 80 орчим хүн хөөгдөж байгааг Лондон дахь ОХУ-ын элчин сайд мэдээлжээ.

Өчигдөр буюу Баасан гарагт Британий гадаад хэргийн сайд Борис Жонсон химийн зэвсэг хэрэглэх тушаалыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин биечлэн өгсөн гэж мэдэгдсэн юм. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ мэдэгдлийг “цочирдуулсан, уучилшгүй явдал” гэж нэрлээд эрс няцаасан байна.

Ийнхүү хоёр тал ижил тооны дипломатчдыг харилцан хөөх арга хэмжээ авлаа.

 

Эх сурвалж: Russia Today