Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

“ЛэндМН ББСБ” компанийн хувьцааны талаар хэн, юу хэлэв?

ikon.mn
2018 оны 3 сарын 16
iKon.MN

-Урт хугацааны хөрөнгө оруулагч илүү чухал болчихоод байна-

 

Б.Жавхлан, RedHero Business сэтгүүл


“ЛэндМН ББСБ" хувьцаат компанийн хоёрдогч зах зээлийн арилжаа энэ долоо хоногт эхэллээ.

Тус компанийн анхдагч зах зээлийн арилжааг Санхүүгийн зохицуулах хороо амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрөл олгов. Ингэснээр олон нийт болон стратегийн хөрөнгө оруулагчдад нийт хувьцааныхаа 25 хувийг санал болгосон "ЛэндМН ББСБ" компанийн хувьд шинэ түүх эхэлж байна.

Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргасан компаниуд дундаас хамгийн их захиалга авсан тус компани 5,823 хувьцаа эзэмшигчтэй болж, хөрөнгийн зах зээлээс богино хугацаанд таван тэрбум төгрөг татан төвлөрүүлж чадлаа.

Давхардсан тоогоор 6,000 гаруй иргэн, аж ахуйн нэгжээс хувьцаа эзэмшиж, хөрөнгө оруулах захиалга хүлээн авсан “ЛэндМН ББСБ” гэж хэн бэ? Монголын санхүүгийн зах зээлд анх удаа хиймэл оюун ухаанд суурилсан финтек технологийг санхүүгийн үйлчилгээтэй хослуулсан “LendMN” аппликэйшнээр дамжуулан бичил хэрэглээний зээл олгодог үйлчилгээг тэд нэвтрүүлсэн.

Өнгөрсөн өдрүүдэд хувьцааны анхдагч зах зээлийн хуваарилалт хийгдэж дууссан бөгөөд захиалга өгсөн иргэд, аж ахуйн нэгжийн 75 мянган төгрөг хүртэлх захиалгыг 100 хувь биелүүлжээ. Харин үлдсэн мөнгөн дүнгийн 5.67 хувьд нь хувьцаа нэмж хуваарилсан байна.

Маш бага зардлаар таван тэрбум төгрөг хөрөнгийн зах зээлээс халаасалж амжсан “ЛэндМН ББСБ” компанийн иргэдэд олгосон бичил зээлийн эргэн төлөлт 98.3 хувьтай байна. Энэ онд нийт 59 мянга орчим харилцагчдад 196 тэрбум төгрөгийн зээл олгон 20 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэйгээр ажиллахаар төлөвлөж байгаа тус компанийн талаар санхүүгийн зах зээлийн шинжээчид хэрхэн дүгнэж байгааг уншигч танд хүргэе.

Хөрөнгийн зах зээлийн шинжээч, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ангар


“Дотоодын хөрөнгийн зах зээлд ямар их боломж байгааг та бүхэн харсан байх. Нэг банк бус санхүүгийн байгууллагын IPO дээр 45 тэрбумын захиалга ирсэн байна. Монголын хөрөнгийн бирж дээр жилдээ 5-6 томоохон IPO  хийгддэг болчиход л идэвхтэй үнэт цаасны брокерын компанийн доод үнэлгээ 2-3 тэрбум төгрөг болох юм байна” хэмээн өөрийн сэтгэгдлийг олон нийттэй хуваалцжээ. Тэрбээр энэ цаг ойрхон байгааг нэмж тодотгов.

Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэвэгмид


“Захиалгын дүн таамаглаагүй үзүүлэлт байсан. Анхдагч зах зээлийн арилжааны захиалга нийлүүлэлтээсээ 16.5 дахин давж хаагдлаа. Хөрөнгийн зах зээлд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн байна.

Хөрөнгө оруулагчид үнэт цаасны зах зээлийг анхааралтай ажиглаж, сонирхон судалж эхэлсэн. Энэ нь зах зээл хөгжих эерэг нөхцөл болж байна” хэмээн онцолсон. Шинэ бүтээгдэхүүн хөрөнгө оруулагчдад хэдийнэ эрэлттэй гэдгийг “ЛэндМН ББСБ” хувьцаат компанийн захиалгын дүнгээс харж болох юм. Тэрчлэн, энэ зах зээлийн хөрөнгө оруулагчид урт бус богино хугацааны өгөөж харж оролцож байгаа нь хөрөнгийн зах зээлд хөөс үүсгэх магадлалтайг тус зах зээлийг зохицуулагч байгууллага болох Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл мөн хэлжээ.

СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн


“Компаниуд хөрвөх чадвартай байх ёстой” хэмээн “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Б.Ганболд


“Богино хугацааны хөрөнгө оруулагчид их байвал хувьцааны ханшид эрсдэлтэй төдийгүй сөрөг нөлөөтэй” хэмээн “Засгийн газрын мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа хөнджээ. Тэрбээр “Ер нь хөрөнгө оруулагчдын дунд хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх сонирхол эрс нэмэгдэж байна. Өнгөрсөн жилийн байдлаар хөрөнгө оруулагчдын тоо 5,000 гарсан.

Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт. Гол нь хувьцаа авч байгаа хүмүүс урт хугацааны хөрөнгө оруулагч уу, эсвэл богино хугацааны хөрөнгө оруулагч уу гэдэг нь чухал. Богино хугацааны хөрөнгө оруулагч их байвал хувьцааны ханшид цаашид сөрөг нөлөөтэй. Хувьцааны ханшийн зөрүүнээс ашиг олох сонирхол жижиг хөрөнгө оруулагчдын дунд түгээмэл байна. Дунд хугацаанд зах зээл тэлж, хөрөнгө оруулагчид төлөвшөөд ирэхэд компанийн үнэ цэнийг харж сонголтоо хийдэг болно байх” хэмээн өгүүлсэн байна.

Хөрөнгийн зах зээлийн оролцогчид ийнхүү нэмэгдсэн ч төлөвших үйл явц үргэлжилж байгааг Б.Ганболд дээрх ярилцлагадаа илэрхийлжээ. Гадны хөрөнгө оруулагчид илүү төлөвшсөн байдаг бөгөөд компанийн үнэ цэнийг харж сонголтоо хийдэг. Энэ нь хувьцааны ханшийн тогтвортой өсөлтөд нөлөөлдөг гэдгийг тэрбээр онцолсон юм.

Тэгвэл хөрөнгийн зах зээл, банк, санхүүгийн салбарт 20 гаруй жил тасралтгүй ажиллаж ирсэн

Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг


“Богино хугацааны ашиг хайгчдыг биш урт хугацааны үнэ цэн эрэлхийлэгчдийг илүүд үзээрэй. Энэ хоёрт маш том ялгаа бий бөгөөд өндөр үүрэг хариуцлага та бүгдэд (ЛендМН) оногдлоо” хэмээн жиргэжээ. Тэрбээр “Аливаа  компанийн багахан тооны хувьцааг ч болов авахдаа тус компанийг бүхэлд нь авч байгаа юм шиг шинжилж байж, таалагдвал ав” гэсэн алдарт хөрөнгө оруулагч Уоррен Баффетын үгийг зарчмаа болгосон гэдэг.

 “ЛэндМН ББСБ” компанийн хөрөнгө оруулагчдын захиалга өндөр байсан тул ногдох хувьцааны хэмжээ тэр хэрээр бага байлаа.

Эх сурвалж: RedHero Business сэтгүүл