Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн тэргүүн баян тэтгэвэртээ гарлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Энгийн амьдралаас эхлэн Азийн хамгийн том корпорацийг байгуулах хүртлээ бараг 70 жил ажилласан Хонг Конгийн тэрбумтан Ли Ка Шин өнөөдөр албан тушаалаа хүүдээ өвлүүлж байгаагаа зарлалаа.

Тэр өнөөдөр Хонг Конгийн Хөрөнгийн биржэд CK Asset Holdings компаниа бүртгүүлэх үеэр ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын ажлаа шилжүүлж, зөвлөх үүрэгтэй үлдэхээр болсноо мэдэгдсэн байна.

“Өнгөрсөн бүх он жилүүдийн турш хөрөнгө оруулагчиддаа үнэ цэнэ бүтээж, нийгэмд хувь нэмрээ оруулж ирсэндээ би баяртай байна. Миний хувьд энэ нь хамгийн их нэр төртэй хэрэг байлаа. Намайг хайрлаж, дэмжиж ирсэн бүх хүнд баярлалаа” гэж Ли Ка Шин хэлсэн юм.

Тэр цаашдаа буяны үйлс, тэр дотроо эрүүл мэнд, нийгмийн асуудлуудыг шийдэхэд цаг хугацаагаа зарцуулах гэнэ.

Ирэх долдугаар сард 90 насыг зооглох Ли Ка Шин албан тушаалаа том хүү Виктортоо шилжүүлж өгөхөөр болжээ.

Ли Ка Шинийг Форбс сэтгүүл 2018 оны хамгийн баян Хонг Конг хүнээр зарлаж, хөрөнгийг нь $36 тэрбум гэж тооцоолсон байдаг. Түүний CK Asset Holdings, CK Hutchison Holdings компаниудын бүрэлдэхүүнд далайн боомтоос эхлээд харилцаа холбоо хүртэл маш олон салбарын бизнес багтдаг юм. Нийтдээ 50 улс оронд салбартай, 310,000 хүнийг ажиллуулдаг бизнесийн эзэнт гүрнийг тэр бий болгожээ.

 

Эх сурвалж: South China Morning Post, Forbes