Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Трамп, Ким Жон Уны уулзалтыг МОНГОЛД зохион байгуулах боломжтойг албан ёсоор илэрхийллээ

President.mn
2018 оны 3 сарын 16
President.mn
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа.

Монгол Улс, БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцаа тогтвортой хөгжиж ирснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тэмдэглэв.

Монгол Улс Зүүн Хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн аливаа санал, санаачилгыг тууштай дэмжиж ирсэн бөгөөд БНАСАУ, БНСУ-ын хооронд дээд түвшний уулзалт хийхээр болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.

Мөн БНАСАУ болон АНУ-тай найрсаг харилцаатай цөөхөн орнуудын нэгийн хувьд тус улсуудын хооронд хийхээр яригдаж буй дээд түвшний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах бүрэн боломжтой гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлэв.
 

Элчин сайд О Сын Хо Монголын талын энэхүү санал нь Монгол Улс, Солонгосын хойг, цаашлаад Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдалд хувь нэмэр оруулах гэсэн хүч чармайлтын илрэл хэмээн, төвдөө уламжлахаа мэдэгдэв.

Гадаадад буй Монгол Улсын хууль бусаар гарсан хөрөнгө, мөнгийг эргүүлэн авахад АНУ-ын дэмжлэгийг авах талаар санал солилцов
 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсын ЭСЯ-ны Түр хамаарагч М.Микаллерийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд саяхан АНУ-д хийсэн айлчлал, түүгээр ярилцаж, тохиролцсон асуудлуудын талаар мэдээлж, айлчлалыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Талууд хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх болон гадаадад буй Монгол Улсын хууль бусаар гарсан хөрөнгө, мөнгийг эргүүлэн авахад АНУ-ын дэмжлэгийг авах талаар санал солилцов.

Мөн уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улс Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдлыг хангах хамтарсан чармайлтад хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглээд АНУ болон БНАСАУ -тай найрсаг харилцаатай цөөхөн орнуудын нэгийн хувьд сүүлийн үед яригдаж буй тус улсууд хоорондын дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах бүрэн боломжтой хэмээн  хэлэв.

 

Монгол Улс ийнхүү санал тавьж байгаад АНУ-ын тал талархал илэрхийлж, уг саналыг даруй Төрийн департмент болон Цагаан ордонд уламжлахаа мэдэгдэв.

Монгол Улс Ирак, Афганистан дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд Америкийн талтай хамтран оролцсонд АНУ-ын Түр хамаарагч талархал илэрхийлээд, удахгүй тохиох манай Зэвсэгт хүчний баярын өдрийг тохиолдуулан баяр хүргэв.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн ХМА