Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосоос АНУ цэргээ гаргана гэсэн яриа Сөүлийг сандаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Миссурид хандивлагчидтайгаа уулзахдаа Өмнөд Солонгосоос цэргээ гаргаж магадгүй гэсэн утгатай зүйл ярьсныг Washington Post өчигдөр мэдээлжээ.

Тэрээр хоёр орны худалдааны алдагдлыг ярихдаа “Бид тэдэнтэй маш их алдагдалтай худалдаа хийдэг. Тэгсэн мөртлөө тэднийг хамгаалдаг. Тиймээс худалдаан дээр ч, батлан хамгаалах үйлсэд ч бид мөнгө алддаг” гэж хэлсэн байна.

Трамп цааш нь “Хоёр Солонгосын хил дээр манай 32,000 цэрэг яг одоо байгаа. Юу болохыг харцгаая” гэжээ.

Энэ мэдээллийн дараа Өмнөд Солонгосын албаныхан Цагаан ордон болон Пентагонтай олноор холбоо барьж, Трампын хэлсэн үгний талаар тодруулцгаасан гэнэ.

Цагаан ордны төлөөлөгч “Ерөнхийлөгч Америкийн цэргийг Өмнөд Солонгосоос гаргах тухай яриагүй. Харин хоёр орны худалдааны харилцааг АНУ-ын ажилчдад ашигтай байдлаар сайжруулах талаар ярьсан” гэж тайлбарлажээ.

АНУ-ын Номхон Далайн командлалын адмирал Харри Харрис өчигдөр энэ санааг үгүйсгэж “Хэрвээ ингэвэл Ким Жон Ун ялалтын бүжиг хийх болно” гэж хэлсэн байна.

Трамп өмнө нь Өмнөд Солонгостой хийсэн гадаад худалдааны гэрээг “муу” гэрээ гээд дахин хэлэлцэх, эсвэл бүр зогсоох хэрэгтэйг хэлж байв.

Энэ сарын эхээр Трамп зарим металлын импортод татвар ноогдуулах шийдвэр гаргасан нь АНУ-ын гурав дахь том экспортлогч Өмнөд Солонгост хүнд цохилт болоод байгаа.

Үүнээс гадна өнгөрсөн нэгдүгээр сард Өмнөд Солонгосын LG, Samsung компаниудын нийлүүлдэг угаалгын машинд АНУ татвар оноодог болсон юм.

 

Эх сурвалж: Business Insider