Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Далай Ламын залгамжлагчийг энэ онд багтааж тодруулна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Төвдийн шашны тэргүүн Далай Ламын хойд дүрийг тодруулах асуудлыг хэлэлцэх уулзалт 2018 онд болно гэдгийг Төвдийн цагаачлалын засгийн газрын тэргүүн хэлжээ.

Хойд Энэтхэгт амьдардаг ерөнхий сайд Лобсан Сангай Японы Асахи Шимбун сонинд өгсөн ярилцлагадаа “Энэ оны сүүлээр шашны тэргүүнүүд уулзаж хойд дүрийн асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна” гэж ярьсан байна.

Энэ онд 83 насыг зооглож байгаа Далай Ламын хойд дүрийг тодруулах үйл явцад Бээжингийн эрх баригчид нөлөөлөхөөс Төвдүүд ихэд болгоомжилж байгаа гэнэ.

Олон зууны турш хойд дүрийг нас барсных нь дараа тодруулдаг уламжлал үйлчилсэн. 14 дүгээр Далай Лам өмнөх дүрийнхээ нас барсны дараа 2 настайдаа тодорсон юм.

Харин энэ удаа уламжлалыг эвдэж одоогийн Далай Ламыг амьд сэрүүн байхад залгамжлагчийг нь тодруулах гэнэ. Хэрвээ нас барсных нь дараа тодруулбал Хятадын тал өөрийн хүнийг хойд дүрээр зарлаж, Төвдийн шашны хэргийг гартаа оруулах магадлалтай гэнэ.

Тухайлбал 1989 онд Панчен Ламыг нас барахад Хятадын засгийн газар 11 дүгээр Панчен Ламыг өөрсдөө зарлаж байв. Сүүлийн жилүүдэд Бээжин шашны хутагт хувилгаадыг тодруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог болоод байгаа.

Далай Лам өөрөө 2011 онд Хятадын засгийн газар түүний үхлийг хүлээж байгаа, улмаар 15 дугаар Далай Ламыг зарлахаар бэлдэж байгааг олон улсад мэдэгдэж байсан юм.

Лобсан Сангай “Далай лам өөрийн нэгдүгээр дүрийн насалсан насанд хүрэхээрээ залгамжлагчийг шийднэ гэж хэлсэн. Энэ нь 84 нас юм” гэжээ.

14 дүгээр Далай Лам 2019 онд 84 хүрэх юм. Тиймээс энэ оны сүүлээр хойд дүрийн талаар ямар нэг шийдвэрт хүрэх магадлал өндөр болж байна.

Түүний биеийн эрүүл мэнд доройтож байгаа нь ч үүнд нөлөөлж байх магадлалтай. Тухайлбал Далай Лам 2017 онд Японд айлчлах төлөвлөгөөгөө цуцалсан нь эрүүл мэндтэй холбоотой гэнэ.

 

Эх сурвалж: Asahi Shimbun