Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Автобусны камерууд бүрэн ажиллавал хулгайчийг хурдан барих боломжтой"

Г.Номин, iKon.mn
2018 оны 3 сарын 16
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас Нийслэлийн тээврийн газар, "Улаанбаатар смарт карт" ХХК, том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчид хамтран нийтийн тээвэр дэх халаасны хулгайгаас урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр ямар ажлууд зохион байгуулахаа зөвлөлдөж байна.

Зөвлөгөөний эхэнд НЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас халаасны хулгайн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

НЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч Д.Батзаяа "Нийт халаасны хулгайн гэмт хэргийн 30 орчим хувь автобусны буудлын орчимд үйлдэгдэж байна. Гэтэл автобусанд байрлуулсан камерууд ажиллахгүй байх, жолооч санаатай болон санамсаргүйгээр унтраасан байх тохиолдлууд их гарч байгаа. 

Нэг автобусанд дөрвөн камер байрлуулсан байдаг бөгөөд тэдгээр камеруудаар автобусанд сууж, бууж байгаа болон буудал дээрх хүмүүсийг бүгдийг нь харах боломжтой. Уг нь автобус баазын инженер техникийн ажилтнууд өглөө бүр камер хэвийн ажиллаж байгаа эсэхийг хянаад гаргадаг гэх боловч яг хэрэг гараад бичлэг шалгах гэхээр камер ажиллаагүй, эвдэрсэн байх тохиолдол их байна. 

Тиймээс бид өнөөдөр "Улаанбаатар смарт карт" ХХК болон том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдэд хандан камерын хяналтаа сайжруулж өгөөч ээ. Энэ нь ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг тайлбарлаж байна. Автобусны камерууд бүрэн ажиллаж, цагдаа камерын бичлэгийг түргэн шуурхай авч чадвал гэмт хэрэгтнийг хурдан илрүүлэх боломжтой. 

2017 онд автобусны баазууд дээр очиж, жолооч нарт зориулсан сургалт явуулсан. Бүх камер ажиллаж байгаа үед жолооч сэжигтэй этгээдийг харах бүрэн боломжтой. Ингээд харсан тохиолдолд бусад зорчигчдод сэрэмжлүүлж хэлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ" хэмээн ярилаа.

 
Гэрэл зургийг mpa.mn
Хулгайд алдагдаж байгаа эд зүйлийн 80 гаруй хувийг гар утас эзэлж байгаа бөгөөд загвараар нь ангилбал, 46 хувийг iphone, 42 хувийг samsung, үлдсэн 10 гаруй хувийг бусад загварын гар утас эзэлж байна. 

Нэг автобусанд дөрвөн камер байдаг. Үүнд, Зам руу харсан, жолооч руу харсан, автобусанд суух хаалга руу харсан, автобусны хойноос урагшаа заал руу харсан.

Хяналтын камерын бичих төхөөрөмж буюу хатуу диск нь 20-28 хоногийн бичлэгийг хадгалах багтаамжтай. Багтаамж нь дүүрсэн бол хуучин бичлэгүүдээс автоматаар устгаж бичдэг аж.

 
Гэрэл зургийг mpa.mn

"Камеруудыг өглөө бүр автобус баазын шалгах механик шалгаж шугаманд гаргах ёстой. Эвдрэл, саатал гарсан тохиолдолд манай засварын төвд хандаж, дуудлага өгөөд манай засварчид засвар үйлчилгээ хийдэг" хэмээн "Улаанбаатар смарт карт" компанийн тоног төхөөрөмж хариуцсан хэлтсийн менежер Х.Тэргэл ярилаа.

Халаасны хулгай дийлэнх тохиолдолд иргэд хамгийн ихээр зорчдог Таван шар, Сапоро, 10 дугаар хороолол, Багшийн дээд гэх мэт буудлууд дээр гарч байгаа учраас иргэдийг сонор сэрэмжтэй зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.