Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Бусдад бэлгийн дарамт учруулсан Өмнөд Солонгосын цаначид бүх насаараа уралдах эрхээ хасууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын цанын спортын хоёр эрэгтэй тамирчны тэмцээнд оролцох эрхийг бүх насаар нь хасаж байгаагаа тус улсын цанын холбоо өнөөдөр зарлажээ.

24 настай Чой Жэ У, 23 настай Ким Жи Хён нар өнгөрсөн сард Пёнчаны Олимпийн Наадамд Өмнөд Солонгосыг төлөөлөн уралдаж байсан юм.

Тэд энэ сарын эхээр Японы Акитад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр багийнхаа эмэгтэй тамирчдад хүч хэрэглэсэн тул ийм шийтгэл хүртэж байна.

Солонгосын Цанын Холбооны гишүүнээс хөөгдсөнөөр тэд албан ёсны ямар ч уралдаан тэмцээнд оролцох эрхгүй болж байгаа юм.

Акитад байхдаа тэд зочид буудлын өрөөндөө ууж согтуурсны дараа зэргэлдээ өрөөний эмэгтэй тамирчдаа хамт уухыг урьсан байна. Татгалзсан хариу өгсний дараа тэд хоёр эмэгтэй тамирчныг хүчээр чирэн өрөөндөө оруулах гэж оролдсон гэнэ. Тамирчдыг тусламж гуйж орилсны дараа дасгалжуулагчид нь ирж салгажээ.

Улмаар эмэгтэй тамирчид Өмнөд Солонгост буцаж ирснийхээ дараа цагдаад хандаж, Чой, Ким нарыг шалгуулсан байна.

Тэд Өмнөд Солонгосын шилдэг цаначид юм. Чой нь Пёнчаны наадамд шигшээ уралдаанд шалгарсан ч медаль зүүж чадаагүй. Ким нь эхний тойргоос хасагдаж байжээ. Тэд хоёул 2022 оны Бээжингийн Өвлийн Олимпийн наадамд оролцох зорилготой байсан юм.

Энэ оны эхнээс Өмнөд Солонгост эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн дарамттай тэмцэх #MeToo хөдөлгөөн эхлээд байгаа. Хэдийгээр эдийн засгийн хөгжил, технологийн дэвшлээр дэлхийд дээгүүрт жагсдаг ч тус улсад эмэгтэйчүүд эрчүүдийн бэлгийн дарамтыг илчлэх явдал ховорт тооцогддог байсан юм. Харин #MeToo хөдөлгөөний үр дүнд алдар нэр, эрх мэдэлтэй олон эрчүүдийн зүй бус үйлдэл дараалан илрээд байна. Саяхан Өмнөд Солонгосын дараагийн ерөнхийлөгч болох ирээдүйтэй улс төрчийн хэрэг илэрч албан тушаалаасаа огцорсон бол нэгэн алдартай жүжигчин өөрийнх нь дуулиан дэгдсэний дараа амиа хорлосон юм.

 

Эх сурвалж: Japan Today