Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Содномдамба: Монголын гарааны бизнес эрхлэгчдийг Азийн зах зээл рүү гаргаж, дэлхийн завин дээр суулгана

А.Намуун, iKon.mn
2018 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Мэдээлэл, технологийн үндэсний парк, Азийн бизнесийн холбоотой хамтран Монголын гарааны болон жижиг дунд бизнесүүдийг Зүүн өмнөд Азийн зах зээлд гаргах ажлыг эхлүүлэх хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. 

Энэ талаар Мэдээлэл, технологийн үндэсний паркийн ерөнхий захирал Ц.Содномдамба "МТҮП нь инкубатор ажиллуулдаг. Инкубаторын бодлогын загварчлалыг Монгол хүний зан төлөв, Монголын бизнес, эдийн засагт тохируулан өөрчилж, илүү шуурхай, бүтээлч байдал руу орохоор төлөвлөсөн.

Энэ хүрээнд компаниудыг бид хамгийн ойрхноор нь Азийн улс орнууд руу гаргах санал тавьсан. Азийн орнуудад хэдэн их наяд долларын зөөлөн дэд бүтэц, программ хангамж, инновацийн зах зээл байна. 

Монгол хүмүүс өнөөдөр IQ өндөртэй, бүтээлч гэж ярьж байна. Тэгвэл яагаад оюуны торгоны замыг бий болгож болохгүй гэж. Үүнийг бий болгохын тулд бид өнөөдөр Азийн бизнесийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр Монголын гарааны бизнес эрхлэгчид, интерпренёруудыг Азийн зах зээл рүү гаргаж, дэлхийн завин дээр суулгах юм" гэв.

 "Технологи, инновацид суурилсан бүтээгч салбарынхан төслийн үр шимийг хүртэнэ"
 

Азийн бизнесийн холбооны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Энхзул "Миний бие Азийн бизнесийн холбоог Австралийн иргэнтэй хамтран үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулах болсон гол шалтгаан нь хөгжилтэй, хөгжингүй аль ч оронд гарааны бизнесүүд тухайн орныхоо ААН-үүдийн 80-аас дээш хувийг эзэлж байдаг. 

Тиймээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх гэж буй гарааны бизнесүүдийг дэмжих үүднээс энэ байгууллагыг байгуулсан. Залуу менежментийн баг хамтраад аль болох хурдтай, шинэлэг байдлаар Монголын төдийгүй Азийн хэмжээнд жижиг дунд бизнесүүдийг хооронд нь холбож, зуучилдаг, өргөжин тэлэхэд нь туслан ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн гэрээнд үзэглэснээр гол үр шимийг нь жижиг дунд үйлдвэрлэгчид болон гарааны бизнесүүд хүртэнэ. Тэр дундаа технологи, инновацид суурилсан бүтээгч салбарын бизнес эрхлэгчид байна гэж харж байгаа. 

Манай хөтөлбөрт хамрагдах байгууллагуудад хамтын ажиллагаа хийх нөхцөлийг нь бүрдүүлж өгөх, Co-working Space байгуулна гэх мэт шат дараатайгаар төсөл хэрэгжинэ" гэлээ.