Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландын засгийн газар нисгэгчгүй агаарын таксиг турших зөвшөөрөл өгчээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Шинэ Зеланд улсын эрх баригчид өчигдөр Zephyr Airworks компанид нисгэгчгүй агаарын таксиг турших зөвшөөрөл өгсөн байна.

Уг компани нь Google-ийн үүсгэн байгуулагчдын нэг Лари Пэйжийн Kitty Hawk компанийн охин компани юм.

Cora гэх нэртэй нисдэг машин нь далавчин дээрээ олон тооны сэнстэй тул нисдэг тэрэг шиг босоо чиглэлд хөөрөх, газардах чадвартай.

Гэхдээ дуу чимээ багатай тул хот дотор хүн тээвэрлэн барилгын дээвэр, эсвэл машины зогсоол дээр буух боломжтой гэнэ. Бүрэн цахилгаан хөдөлгүүртэй тул хорт утаа ялгаруулахгүй, байгаль орчныг бохирдуулахгүй. Cora-гийн хоёр хүн тээвэрлэх чадалтай загварыг Шинэ Зеландын өмнөд аралд амжилттай туршжээ.

Нисдэг машины компьютер нь хүнээс хамааралгүй ажиллаж, аялалын төлөвлөгөө, аюулгүй байдлыг тооцоолох ба асуудал үүсвэл шүхэр дэлгэж, газардах юм.

Cora нь 150 км/цаг хурдтайгаар 900 метр хүртэл өндөрт 100 км зайг туулах чадвартай. Зорчигчоос нислэгийн ямар ч мэдлэг шаардахгүй тул агаарын тээврийг өдөр тутмын амьдралд нэвтрүүлэх нь Zephyr Airworks компанийн зорилго гэнэ.

Нисдэг таксиг ирээдүйд Uber шиг аппликэшнд суурилсан нийтийн үйлчилгээ болгох төлөвлөгөөтэй ажээ. Cora нисдэг машины дизайныг боловсруулахад найман жил зарцуулсан ба туршихад тохиромжтой газраар Шинэ Зеландыг сонгосон байна. Шинэ Зеланд нь агаарын замын ачаалал багатай, зохицуулалтын орчин уян хатан учраас сонгосон гэнэ.

Нисдэг таксины үйлчилгээг нийтэд хүргэхэд дахин зургаан жилийн туршилт шаардагдах ба Шинэ Зеландын Кристчурч хотын орчимд үйл ажиллагаагаа явуулах гэнэ.

Эх сурвалж: AFP