Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Зоригоо: ЭМД-ийн хууль бүрэн хэрэгжих нь иргэдэд 200 хувийн ашигтай

СОНГДО ЭМНЭЛЭГ
2018 оны 3 сарын 14
СОНГДО зөвлөж байна
Зураг зураг

"Сонгдо" эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал, Зүрх судасны мэс засалч  Ш.Зоригоотой ярилцлаа.

-Монгол улсын иргэн нэг жилд 2 сая хүртэл төгрөгийн тусламж  үйлчилгээг ЭМД-аас авах боломжтой гэдэг. Хувийн эмнэлэгт энэ хэмжээ ижил үйлчилдэг үү? 

-ЭМД-ийн шинэ хууль 2016 он 1 сарын 1-нээс хэрэгжих бүрэн хэрэгжих ёстой байсан. Уг хуулианд улс, хувь гэж ялгалгүй ижил үйлчлэх ёстой. Үүнд 10 төрлийн даатгал багтсан. Дээрх 10 даатгалаас 5 нь сонгон шалгаруулалтанд тэнцсэн эмнэлэгт өгөгдөх боломжтой. 

“Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гүйцэтгэх журам”-д заасан тусламж үйлчилгээний төрлөөс тавд нь Эрүүл мэндийн даатгалын газраас зарласан сонгон шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд хэрэгжүүлэх эрхтэй гэж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн журамд заасан. Бүгдийг нь хэрэглэх эрхийг ийнхүү журмаар хязгаарласан гэсэн үг.

Тухайлбал 2016 онд өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний даатгалын сонгон шалгаруулалт явагдсан. Уг шалгаруулалтаар хувийн 21 эмнэлэг тэнцээд, мөн ондоо 160 сая, 2017 онд 250 сая төгрөгийг тухайн эмнэлэг бүртээ тавиад даатгал өгөгдөх ёстой байсан нь одоог хүртэл өгөгдөөгүй байгаа. Энэ нь НД-ийн Үндэсний зөвлөлийн шийдвэрээр хувийн эмнэлэг тендер зарлах ёстой.  Гэтэл тендерийн тухай хуулиар хувийн эмнэлэг улсын мөнгөн дээр тендер зарлаж болохгүй гэсэн хоёрхон өгүүлбэр дээр ЭМД-ийн хэрэгжилт саатаад байгаа.

-ЭМД-ийн хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбар, иргэдэд ямар давуу тал олгох вэ?

-ЭМД-ийн тухай иргэдийн мэдлэг хомс байна. ЭМД-ийн тухай хууль иргэдэд хүртээмжтэй, өгөөжтэй болсон. Хууль бүрэн хэрэгжвэл нэгт үйлчлүүлэгчид маш ашигтай, бүр 200 хувийн ашигтай. Хүссэн эмнэлгээсээ үйлчилгээ авах боломжтой. Заавал улсын эмнэлэгт ачаалал үүсгэн, өөртөө ч түвэг чирэгдэл учруулахгүй гэсэн үг. Өндөр өртөгтэй, хими туяаны гэх мэтийн хувь хүнээс маш их мөнгө гардаг эмчилгээнүүдээ даатгалаараа төлүүлэх, хөнгөлүүлэх боломжтой. 

Хоёрт үүнийгээ дагаад эмнэлгүүд нь хөгжихөд чухал ач холбогдолтой. Эрүүл мэндийн байгууллага нь  санхүүжилттэй шууд хамааралтай. Тоног төхөөрөмж нь байнга эвдэрнэ, шинэчлэх шаардлага тулгарна, эм бэлдмэл тогтмол хэрэглэнэ, эмч нарынхаа мэдлэг чадварыг сайжруулна гэхчилэн байнга мөнгө яригдаж, шаардагдаж байдаг.

Тэгэхээр эдгээр асуудлуудад хэрэгтэй санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалаар л шийдэж болно.

-Сонгдо эмнэлгийн хувьд ЭМД-аар үзүүлдэг ямар эмчилгээ, үйлчилгээ байдаг вэ?

- Бид 2013 оноос хэвтэн эмчлүүлэх хэсэгтээ даатгалтай хамтарч эхэлсэн. Хэвтэн эмчлүүлэх үйлчилгээний даатгал нь манай үйлчилгээний хэвтээд гарч буй хүмүүсийн 30 хувийг хамарч чаддаг. Өнгөрсөн оноос Ц вирусын оношлогооны  сонгон шалгаруулалтанд  манай лаборатори тэнцэн даатгал авч эхэлсэн. Ингэснээр ЭМД-д хамрагдсан иргэдийн элэгний С вирусын ачаалал тоолох шинжилгээг даатгалаар үнэ төлбөргүй хийдэг болсон. ЭМД-ийн хууль бүрэн дүүрэн үйлчлэх нөхцөл хангагдвал бид бүгдийг нь хэрэгжүүлж, бүх үйлчилгээг нь үзүүлэхэд бэлэн.

-ЭМД-аар хувийн эмнэлэгт үйлчлүүлэхийн давуу тал нь юу байх вэ?

- Иргэдийн дунд ЭМД хувийн эмнэлэгт хэрэгжих нь ямар байх вэ гэсэн эргэлзээ байгаа байх. ЭМД-ын газраар хянагдаад явчих учраас айх зүйлгүй. ЭМД-ын газрын мэргэжилтэн биднийг үйлчлүүлэгчид ямар төрлийн тоног төхөөрөмж, ямар зүү утас ашиглав, эм тариагаа зөв өгсөн үү, ямар төрлийн эмчилгээ үзүүлэв гэх мэт хянадаг  тогтолцоонд шилжсэн. Тэгэж байж бидний тусламж үйлчилгээ үзүүлсний мөнгийг өгнө шүү дээ. Зүгээр таныг хэвтсэний төлөө өгөхгүй, заримыг нь буцаах тохиолдол ч бий. 

Хоёрт, эрүүл мэндийн даатгалын сан ачааллаа дийлэх үү гэсэн асуудлыг хүмүүс тавьдаг. Би бол даатгалын санг дийлэхгүй гэж бодохгүй байна. Иргэд сар бүр, эдийн засгийн ямар ч хямрал саад учирсан улсаас тогтоосон хэмжээгээрээ нь сар бүр татвар хураалгаж байгаа учраас өнгөрсөн сард хүрсэнгүй гэхэд энэ сард  даатгалын санд ахин мөнгө цугларна шүү дээ.

Манай улсын ЭМД чинь эв санааны нэгдлийн зарчим дээр тулгуурласан даатгал. Энэ нь миний төлж байгаа мөнгөөр өөр хүн эмчилгээ хийлгэх, намайг хэрэглээгүй байгаа үед өөр нэгэн нь эмчилгээ үйлчилгээ авна гэсэн утгатай. 

Эрүүл мэндийн салбарын хурал,  зөвлөгөөн дээр ЭМЯ, ЭМД-ийн газрын төлөөлөгчид  улсын, хувийн гэж ялгалгүй ЭМД-аа ашиглах хэрэгтэй гэдэг дээр санал бүрэн нэгддэг. Харин дүрэм, журам зарим асуудлуудыг цэгцлэх шаардлагатай байгаа байх.  Одоо ЭМЯ-ийн харьяа  ирсэн учраас энэ асуудал бүрэн шийдэгдэж хэрэгжинэ гэдэгт итгэж байна. 

 


Эх сурвалж: Үндэстний Тойм сэтгүүл

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.