Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхбаяр: Монгол хүн бүрийн амьдралыг сайжруулах хуулийн төслийг дэмжиж ИЗНН, МҮАН, МНН, МАХН нэгдлээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Монгол Ардын Хувьсгалт Нам, Монголын Ногоон Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам, Иргэний Зориг Ногоон Нам хамтран шинэ дээд хуулийн төслийг дэмжиж тунхаг бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. 

МАХН-ын дарга Н.Энхбаяр "Монголчууд өнөөдрийн энэ ядуу зүдүү амьдралаа дуусгах хэрэгтэй. Шударга ёсыг сэргээх ажлыг хийх ёстой. Эдгээр ариун үйл хэргийг эхлүүлэхээр бид хуран цугларч байна.

Иргэд маань ажилтай, авч байгаа цалин нь амьдралд нь хүрэлцээтэй байх ёстой. Энэ бүхнийг хэрэгжүүлэхийн тулд өнөөдрийн Төрийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Нэг хоёр хүн, хэдэн намыг муулаад асуудал шийдэгдэхгүй.

Тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагатай. Өнөөдрийн бидний амьдрал ямар байгаа билээ. Тиймээс тогтолцоо муу байгаа гэсэн үг. Муу тогтолцоотой байна гэдэг нь тэр хэмжээний Үндсэн хууль байгааг илэрхийлж байна.

Байгалийн баялгийг ард түмэндээ өмчлүүлж, шударга шүүхийн тогтолцоотой болъё, мөн улстөрийн намуудыг хариуцлагатай болгох зэрэг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж шийдэгдэх асуудал.

Үндсэн хуульд дээд боловсрол үнэгүй байна гэж бичээгүй учраас үнэтэй мөртлөө, чанаргүй байна. Шинэ Үндсэн хуульдаа бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэгүй болгоё гэвэл үнэгүй болно. 

Монгол хүн бүрийн амьдралыг сайжруулах шинэ дээд хуулийн төслийг дэмжиж ИЗНН, МҮАН, МНН, МАХН ийнхүү нэгдээд байна" гэлээ. 

Шувуу нь хүртэл буруу дэвээд байна

 
Гэрэл зургийг mpa.mn

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл "Дөрвөн нам хамтраад эрдэнэт Монгол хүний есөн цагаан хүслийг тэтгэх шинэ дээд хуулийг хамтран боловсруулна. Эдгээр есөн хүсэл нь жирийн иргэдийн хүсэж буй сайхан амьдрах, эрдэмтэй байх, чинээлэг байх, төр шиг төртэй байх зэрэг юм. Эдгээр хүслийг хангах хуулийг бүтээх түүхэн шаардлага үүсээд байна.

Өнөөдрийн бидний шинэ гэгддэг хууль хуучраад Монголын нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй боллоо. Тийм учраас 1992 оны Үндсэн хуулийг өөрчлөх цаг үе болсон. Энэ хуулийг хэрвээ өөрчлөхгүй бол Монголын нийгэм, эдийн засаг улам доройтож, улсын өр бүр ихэснэ. Энэ бүгдийг өөрчлөхийн төлөө хүн бүр хамтдаа зүтгэх шаардлагатай байна. 

Үндсэн хуулиа өөрчилж байж бүгдийг эхнээс нь засахгүй бол бүх зүйл буруу болчихсон. Шувуу нь хүртэл буруу дэвээд гэдэг шиг төрийн байгууллагууд ажиллаж чадахаа больчихсон. Улстөрийн өндөр албан тушаалтнууд нэгнийгээ шалгаж чадахааргүй болчихсон. Өнөөдрийн үйлчилж байгаа Үндсэн хууль хэн нэгнийг шалгаж шударга ёсыг тогтоох чадамжгүй.

Өчигдөрхөн Засгийн газраас гурван тулгуурт бодлого гэгчийг дэвшүүлж байна. Харамсалтай нь энэ бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх боломж өнөөдрийн Үндсэн хуулиар олгогдоогүй" гэв. 

Аливаа шийдвэр ард түмний хүсэл зоригт нийцэх тогтолцоо руу явна

 
Гэрэл зургийг mpa.mn

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг "Шинэ дээд хуулийг батлах цаг ирсэн байна. Монгол хүн хөсөр хаягджээ хэмээн ярьж эхлээд байна. Манай улс Үндсэн хуульдаа мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэж заачихсан мөртлөө хүнээ үнэлэхгүй байна.

Мөн тус хуульд ард түмэнд Засгийн бүх эрх хадгалагдана гэж бичсэн боловч үнэн хэрэгтээ 20 гаруй жилийн ардчиллын түүхээс харахад нийгмийн өчүүхэн хэсэг хоёр хүрэхгүй хувь нь баялгийн шим шүүсийг хүртэж байна. Тиймээс засгийн эрхийг ард түмэн жинхэнэ утгаар эдлэх, нөөц баялгийн эзэн байх цаг ирсэн гэж үзэж байна. 

Монголын ард түмэн сайн сайхан амьдрах учиртай гэдэг саналаар бид бүхэн ярилцаад шинэ дээд хуулийн төслийг дэмжих тунхаг гаргаж байгаа. Аливаа шийдвэр ард түмний хүсэл зоригт нийцэх тэрхүү тогтолцоо руу бид явна. Бид бүхэн Ерөнхийлөгчийн засаглалыг сонгож байгаа. Ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч Засгийн газраа тэргүүлдэг. 

Хууль тогтоох байгууллага нь хоёр танхимтай байх тогтолцоо руу орох хэрэгтэй. Энэ мэт өөрчлөлт хийх хэрэгтэй. Өнөөдрийн Үндсэн хуулийн өөрчлөлт гэж яригдаад байгаа зүйл нь яаж олигархын дэглэмээ хамгаалж үлдэх үү, яаж эрх баригчид эрх ашгаа хууль дор хамгаалах вэ гэдэг сонирхол дор хийгдэж байна. Ийм учраас уг өөрчлөлтийг хэрхэвч дэмжиж болохгүй" гэсэн юм.