Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк нь Мьянмарт “үхэл таригч мангас” болоод байгааг НҮБ-ын шинжээч мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Террорист Буддист гэгддэг Виратху лам

Мьянмарт хэрэгжиж байгаа хүн амын муслим цөөнхийг цэвэрлэх ажиллагаанд сошиал сүлжээ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгааг НҮБ-ын шинжээч мэдэгджээ. Үүнд сошиал сүлжээ гэдэгт Фэйсбүүкийг хэлж байгаа юм.

Үндэсний цөөнх болох Рохинжа иргэдийн эсрэг явуулж буй гэмт хэргийн талаар баримт цуглуулах зорилготой НҮБ-ын төлөөлөгчдийн тэргүүн Марзуки Дарусман энэ тухай Ройтерс агентлагт ярьсан байна.

Мьянмарт Фэйсбүүк сүлжээ цэргийнхний хяналтад байдаг хэдий ч иргэдийн мэдээлэл авах гол сувгийн нэгэнд тооцогддог ажээ. Тиймээс үндсэрхэг үзэлтнүүд тус сүлжээг ашиглан хүн амыг Рохинжа иргэдийн эсрэг өдөөн турхирч байгааг тогтоосон байна.

Рохинжа хүмүүсийн эсрэг үзлийн гол эх сурвалжуудад хэт үндсэрхэг үзэлт Буддын лам Ашин Виратхугийн хуудас, бас засгийн газар, армийн хуудаснууд багтдаг гэнэ. Тэд Фэйсбүүк сүлжээгээр үндэс угсаагаар ялгаварлах үзлийг сурталчилсан зурагт хуудсууд, хуурамч материалуудыг тараадаг байна. Иргэдийн олонх энэ сурталчилгааг эерэгээр хүлээн авч, дэмждэг тухай шинжээчид мэдээлжээ.

Харин эсрэгээрээ Рохинжа хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгчдийн материалыг Фэйсбүүк сүлжээ өнгөрсөн оноос эхлэн хориглодог болоод байгаа гэнэ.

Шинжээчдийн нэг Янхэ Ли “Фэйсбүүк сүлжээ энд анхны зорилгоосоо өөрчлөгдөж, араатан болж хувираад байна” хэмээн ярьжээ. НҮБ-ын шинжээчид Мьянмарт болж буй Рохинжа иргэдийн эсрэг үйл ажиллагааг геноцидын түвшинд хүрсэн эсэхийг шалгахаар ажиллаж байгаа юм.

Тэдний мэдээлснээр Фэйсбүүк компани дөнгөж өнгөрсөн сараас эхлэн Мьянмар дахь агуулгадаа анхаарч эхэлсэн гэнэ.

 

Эх сурвалж: Quartz