Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп АНУ-ын топ дипломатчийг гэнэт ажлаас нь чөлөөлөв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагийн өглөө (АНУ-ын зүүн эргийн цагаар) ерөнхийлөгч Дональд Трамп төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсоныг ажлаас нь чөлөөлж байгаагаа твиттер хуудсаараа зарлажээ.

Трамп Америкийн гадаад бодлогын тэргүүнээр Тагнуулын Төв Газрын дарга Майк Помпеог томилж байгаагаа мөн мэдэгдсэн юм. Энэ үед Тиллерсон Африкийн орнуудаар хийсэн айлчлалаасаа дөнгөж ирээд байв. Төрийн департмент Трампын шийдвэрийг түүний твиттер хуудаснаас л мэдсэн байна.

Гэнэтийн шийдвэр гаргах болсон шалтгаанаа Трамп нэрлээгүй ч энэ нь Тиллерсоны Оросын талаарх мэдэгдэлтэй холбоотой гэж ихэнх хүмүүс дүгнэж байгаа юм. Дөнгөж урд өдөр нь Тиллерсон Их Британид гарсан Оросын экс тагнуулын ажилтны амийг хороох оролдлогыг Москвагаас явуулсан ажиллагаа гэж үзэж байгаагаа хэлж байв.

Харин Цагаан ордны мэдэгдэлд ажилагааг шууд Оросоос явуулсан гэж хэлэхээс татгалзсан юм. Эндээс Трамп, Тиллерсон нарын үзэл бодлын зөрүү эцэстээ ийм шийдвэрт хүргэсэн болохыг харуулж байна.

Өчигдөр орой Тиллерсон ажлаас чөлөөлөгдөж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ ерөнхийлөгчийн нэрийг ганцхан удаа дурдаж, түүнд талархал огт хэлээгүй нь тэдний хоорондын зөрчлийг харуулж байна.

Ганц удаа дурдахдаа “Өнөөдөр үд дунд дөнгөж өнгөрч байхад би АНУ-ын ерөнхийлөгчийн дуудлагыг хүлээж авлаа” гэж хэлсэн юм. Энэ нь Трампын твиттер мэдэгдлээс хойш гурван цаг орчмын дараа Тиллерсонд албан ёсоор шийдвэрийг мэдэгдсэн гэсэн үг.

Тиллерсон бас хэлсэн үгэндээ “Оросын засгийн газрын аюултай үйлдэл, бодлогын хариуд хийх их ажил ард үлдлээ” гэж анхааруулсан байна. Эцэст нь тэрээр төрийн департментад хамтран ажиллаж байсан хүмүүст талархлаа илэрхийлсэн юм.

Тиллерсон гуравдугаар сарын 31-нийг хүртэл ажиллаж, алба үүргээ хүлээлгэн өгөх гэнэ. Түүнийг залгамжилж байгаа Майк Помпеог Тиллерсоноос илүү хатуу чиг баримжаатай хүн гэдэг. Хойд Солонгос, Ираны асуудалд түүнийг нэлээд хатуу бодлого барина гэсэн хүлээлт байгаа юм.

Тиллерсон 2016 оны арванхоёрдугаар сард төрийн нарийн бичгийн даргын ажилд томилогдож байсан. Тэрээр албан тушаал дээрээ 14 сарын хугацаанд тогтсон нь Трампын тогтворгүй бүрэлдэхүүнтэй засаг захиргааны хувьд урт хугацаанд тооцогдож байна.

 

Эх сурвалж: Quartz