Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Тереза Мэй Владимир Путинд 24 цагийн хугацаа өгөв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Их Британид амьдардаг Оросын экс тагнуулын ажилтны амийг хөнөөх гэсэн оролдлого нь Москвагаас захиалгатай байх өндөр магадлалтай гэж үзээд тус улсын ерөнхий сайд Тереза Мэй ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд тайлбар хийх 24 цагийн хугацааг өчигдөр өглөө.

Тагнуулын ажилтан асан Сергей Скрипалыг Сэлисбури хотод охин Юлиятайгаа энэ сарын 4-ний өдөр явж байхад нь Новичок гэгддэг дайны зориулалттай химийн бодисоор хордуулсан болохыг тогтоосон юм. Хэргийг мөрдөн шалгаж байсан цагдаагийн офицер Ник Бэйли мөн хордож, эмнэлэгт хэвтээд байна.

Их Британий засгийн газар ОХУ-ын эсрэг авах хариу арга хэмжээний төлөвлөгөөгөө Лхагва гарагт зарлах төлөвтэй байгаа юм. Арга хэмжээнд зүүн Европт цэрэг, зэвсгийн хүчээ нэмэгдүүлэх, эдийн засгийн нэмэлт хориг тавих, НҮБ-д асуудал дэвшүүлэх зэрэг багтаж болзошгүй байна.

Мөн ОХУ-ын Лондонд суугаа элчин сайдыг нутаг дэвсгэрээсээ хөөх асуудлыг засгийн газар хэлэлцэж байж магадгүйг эх сурвалж мэдээлжээ.

Тереза Мэйн мэдэгдлийг ОХУ-ын гадаад хэргийн яам “Британий парламент дахь циркийн тоглолт” хэмээн нэрлээд тангуулын амийг хөнөөх оролдлогод Москва хамаагүй гэж мэдэгдсэн юм.

Харин Цагаан ордон Британий мэдэгдлийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Новичок хэмээх химийн хорт бодисыг 1970-аад оны үед ЗХУ-д бий болгосон юм байна.

Тереза Мэй парламентад үг хэлэхдээ “Британий нутаг дэвсгэрт зэвсгийн чанартай бодис ашиглан аллага үйлдэхийг завдсан нь зөвхөн Скрипалын эсрэг үйлдсэн гэмт хэрэг биш юм. Энэ бол Нэгдсэн Вант Улсын эсрэг, гэмгүй иргэдийн амь насыг эрсдэлд хүргэсэн увайгүй үйлдэл” гэжээ.

66 настай Сергей Скрипал ГРУ  гэгддэг Оросын цэргийн тагнуулын газарт ажиллаж байгаад 1999 онд тэтгэвэрт гарсан юм. Дараа нь тэр гадаад хэргийн яаманд 2003 он хүртэл ажиллаж байгаад бизнесийн салбарт шилжжээ. 2004 онд түүнийг Москвад баривчилсан байна. Скрипал 1995 онд Британий тагнуулын байгууллагад элсэж, Европ дахь ГРУ-гийн тагнуулуудын тухай мэдээлэл өгсний хариуд $100,000 авч байснаа хүлээсэн юм.

Скрипал хоригдож байгаад 2010 онд АНУ-Оросын хооронд олзлогдсон тагнуулуудaa солилцох ажиллагаанд хамрагдаж, Британид шилжиж ирсэн ажээ.

 

Эх сурвалж: Independent