Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох шүүх хурал хойшлогдлоо

Г.Номин, iKon.mn
2018 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн 31 дүгээр тойргийн 1, 2, 3, 4 дүгээр хэсэгт сонгуулийн тухай хууль зөрчигдсөн гэж үзэж буй иргэн Э.Цоггэрэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Увс аймгийн захиргааны хэргийн шүүхэд ханджээ. 

Уг хэргийн шүүх хурал өнөөдөр Ховд аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болох байсан боловч гуравдагч этгээд болох УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хойшилжээ.

Энэ талаар Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын мэдээлэл лавлагааны ажилтан А.Бүжинлхамтай холбогдож тодрууллаа.

Тэрбээр" О.Цоггэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Эрдэнэтогтохын нэхэмжлэлтэй Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох УИХ-ын 2016 оны сонгуулийн 31 дүгээр тойргийн 1, 2, 3, 4 дүгээр хэсэг дэх сонгуулийн тухай хууль, журам зөрчиж хийсэн 2,353 сонгогчийн  бүртгэлийг хүчингүй болгуулах, Сонгуулийн тухай хууль, сонгогчийн нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, тооцох, шилжих журам зөрчигдсөн болохыг зөвшөөрөх, үүний улмаас УИХ-ын сонгуулийн 31 дүгээр тойрогт нэр дэвшигч О.Цоггэрэлийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл Увс аймгийн захиргааны хэргийн шүүхээс Ховд аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирсэн юм.

Өнөөдөр буюу 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 14:00 цагаас уг хэргийн шүүх хурал болохоор товлогдсон байсан боловч гуравдагч этгээд болох Б.Чойжилсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Жанчив Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд шүүх хуралтай байна гээд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Өмгөөлөгч нь  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80.2-т зааснаар нотлох баримт цуглуулах, хэргийн хавтаст хэрэгтэй танилцах эрхтэй учраас шүүх хуралдааныг 2018 оны дөрөвдүгээр сарын 2-ны 14:00 цаг хүртэл хойшлууллаа" гэв.