Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хуримын өмнөх аялалаасаа буцаж явсан өв залгамжлагч бүсгүй онгоцны ослоор амиа алдлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Туркийн томоохон баяны охин, сошиал сүлжээний од бүсгүй өчигдөр Дубай хотоос харих замдаа онгоцны ослоор амиа алджээ.

Тэрээр ирэх сард болох хуримынхаа өмнө ганц бие байх сүүлчийн үдэшлэгээ зохион байгуулсны дараа найзуудынхаа хамт хувийн онгоцоор буцаж яваад Ираны уулсын дунд осолдсон байна.

Туркийн баячуудын нэг Хусейн Басаран бүсгүйн эцэг бөгөөд хувийн онгоц нь ч түүний эзэмшлийнх байжээ. Онгоцонд найман зорчигч, нисэхийн гурван ажилтан аялж яваад бүгд амиа алдсан байна.

Басараны охин Мина өөрийн долоон найз бүсгүйтэй зорчиж байсан юм.

28 настай Мина Басаран эцгийнхээ бизнесийг залгамжлах хүн байжээ. Осол болохоос хэдхэн өдрийн өмнө Мина өөрийн Дубай дахь аялалын зургийг Инстаграм хуудсандаа нийтэлж байв.

 
 

Уул мөргөж осолдсон онгоц бүрэн шатсан тул хохирогчдын цогцсыг ДНХ шинжилгээгээр таниулахаар болжээ. Осол болсон Шахр-э Корд уул нь Ираны нийслэл Тегеран хотоос өмнө зүгт 370 км зайтай оршдог.

Басаран нь Туркийн Трабзонспор хөлбөмбөгийн клубын дэд ерөнхийлөгч байсан, олон салбарт бизнес хийдэг хүн юм. Тэрээр Bahrain Middle East Bank BSC хөрөнгө оруулалтын банкны гол хувь эзэмшигч. Истанбул хотод охиныхоо нэрээр нэрлэсэн “Mina Towers” нэртэй тансаг ангиллын орон сууцны төсөл хэрэгжүүлдэг юм.

 

Эх сурвалж: Associated Press