Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэтээс "Хуссан" мөнгөө Төрийн банкнаас хулгайлж төлөх үү?

Д.Уудам, зууны мэдээ
2018 оны 3 сарын 12
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

МАН-ынхан эртнээс аливааг хоёр бүлгээр талцаж эхлээд эцэст нь нэг баг болж нийлдэг уламжлалт технологитой. Хамгийн сүүлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхимыг 33 ба 32 болон талцаж огцруулаад, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг мөн энэ бүлгээрээ тохирч байгуулсан.

Энэ намыг үүсгэн байгуулагчид улсынхаа тусгаар тогтнолын төлөөх тэмцлээ Консулын дэнжийн, Хүрээний гэж хоёр бүлгээр эхэлсэн бол орчин цагийн МАН-ынхан улсын мөнгийг хулгайлахдаа мөн л хоёр бүлэг болон хуйвалддаг болсныг учир мэдэх хүмүүс ярьж байгаа юм. Тухайлбал, Эрдэнэтийн 51 хувийг барьцаалж Стандарт банкнаас авсан 109 сая ам.долларын хэрэг үүнийг гэрчлэх аж. Гэхдээ зээлсэн олон сая ам.доллар нь элсэнд асгасан ус шиг хаашаа орсон нь тодорхойгүй ч, эзэд нь бас үйл явдал хэрхэн өрнөсөн процесс ил болсоор байна.

“Жаст”-ын гэгдэх Ш.Батхүү л “Эрдэнэт”-ийн захирлын гарын үсгийг хуурамчаар зураад Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан гэж олон нийт ойлгодог. Учир нь хэргийн эзэн, хэнгэргийн дохиур Ш.Батхүү өөрөө ч ингэж тайлбарласан. Түүнийг нь хуулийнхан ч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хэвлэл мэдээллээр явуулсан.

Гэтэл зээлийн гэрээнд Эрдэнэтийн захирал асан Ч.Ганзориг гарын үсэг зурсан болохыг УИХ-ын гишүүдийн асуулгад өгсөн Засгийн газрын албан тайлбарт дурдсан байгаа юм. Түүнчлэн Стандарт банкнаас авсан бүх мөнгө Эрдэнэт үйлдвэрийн дансанд орж ирээд ийш, тийш гарсныг өнөөх тайлбарт бас л дурайтал тэмдэглэжээ. Угтаа аливаа байгууллагаас мөнгө гарлаа гэхэд зөвхөн нэгдүгээр гарын үсэг зурагдсан байдгийг хүмүүс мэднэ. Тэгэхээр хуурамч гарын үсгээр зээл авсан байлаа гэхэд Эрдэнэтээс мөнгө гарахын тулд жинхэнэ гарын үсэг зурагдсан байх учиртай.

Бас нэгэн баримт... Эрдэнэтийн захирал гэдэг албан тушаалтан 10 сая ам.доллараас дээш үнийн дүнтэй хэлцэлд гарын үсэг зурж, үйлдвэрээ төлөөлөх эрхгүй гэдгийг Засгийн газар албан тайлбартаа онцолсон байна лээ. Тэгэхээр энэ хэрэгт тухайн үеийн Төлөөлөн удирдах зөвлөл, салбарын сайд, Ерөнхий сайд холбоотой байж болохыг нотолж буй. Эрдэнэтийн 51 хувийг барьцаалж их хэмжээний зээл авсан тэр жилүүдэд ажиллаж байсан дээр нэрлэгдсэн албан тушаалтнууд ч мэдээгүй гэдэг хэт өрөөсгөл болж байна.

Монголчуудыг боловсрол тааруухан, бүдүүлэгдүү мэтээр санадаг албан тушаалтнууд ард түмнийг хэтэрхий басамжилж байгаа мэт. Хоосон ходоодыг халтар таван төгрөгөөр хуурч сонгууль өгүүлдэгтэйгээ адилтгаж бодох нь хэтэрсэн доромжлол гэлтэй. Тухайн үеийн албан тушаалтнууд нэгнийгээ золиослоод хэргээс цэвэр мултрахыг оролдсон ч Засгийн газрын албан тайлбар тэднийг оролцоог бодит байсныг илтгэн бас нотолж байна. Лондонгийн олон улсын Арбитр дөрвөн удаа хуралдсаны эцэст Эрдэнэт үйлдвэрээс 51 сая ам.доллар гаргуулан Стандарт банканд төлөх шийдвэр гаргасан байдаг.

Бас нэгэн зүйл... Удирдлага нь Засгийн газраас томилогддог, төрийн өмчийн Төрийн банкны захирлын ярилцлага өнгөрсөн долоо хоногт хэвлэлд гарчээ. Шүүх, хуулийнханд гар-гаж өгсөн бүх нотлох баримтаа дэлгэсэн захирал Д.Баярсайханы ярилцлагад олны танил эрхмүүд хэрхэн хуурамч баримт бүрдүүлэн тус банкнаас мөнгө нэхэж байгааг ярьсан байна. Цухас дурдвал, Төрийн банкнаас 51 тэрбум төгрөг нэхэмжлээд байгаа бололтой.

Тодруулбал, Ш.Батхүүгийн эзэмшилд байсан Хадгаламж банк “Алтжин” компаниас 51 тэрбум төгрөгийн зээл аваад өгөөгүй гэх. Ингээд Хадгаламж банк активтайгаа хамт Төрийн банканд шилжсэн учраас “Алтжин” компанид дээрх мөнгийг төлөх ёстой хэмээн шүүхдэлцдэг байна. Эндээс харвал өнөөх “Жаст”-ын Батхүү нэг халаасанДаа Стандарт банкнаас авсан 51 сая ам.долларын өртэй, нөгөөхдөө Төрийн банкнаас 51 тэрбум төгрөгийн авлагатай болж харагдана. Нэг л үнэмшил төрөмгүй...

Эрдэнэтийг Стандарт банканд барьцаалахад Ш.Батхүүгийн ард Ерөнхий сайд Баяр байсан гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон МАН-ын таван залуу гишүүн хардаж байгаагаа илэрхийлсэн. Харин баримтаар Төрийн банкнаас 51 тэрбум төгрөг хулгайлах үйлдэлд Ш.Батхүүгийн ард хэн байж болох вэ гэдгийг хүмүүс аль хэдийнээ ам дамжин яриад эхэлж. Улс төрийн хүрээнийхэн бол Эрдэнэтийн 51 хувийг барьцаалах үед Хуульзүй дотоод хэргийн сайд байсан, одоо бас л сайд Ц.Нямдоржийг гэж харддаг.

Харин сайд нийслэлийн хамгийн үнэтэй байрлал, Зайсангийн Белла виста хотхонд Алтжингийн хүү Сүрэнгийн нэр дээр байдаг тансаг харшид сарын зардлаа төлөөд үнэ төлбөргүй суудгаа хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр хардах, эс хардах эрхээ эдэлж буй хүмүүст гинжин хэлхээг нээлттэй тайлбарлах цаг болсон гэлтэй.

Эцсийн дүндээ Монголын төр 109 сая ам.доллараа олж авъя. Стандарт банкнаас авсан 109 сая ам.доллар хаачив. Түүгээр юу бүтээсэн бэ гэдгээ тайлбарлах хэрэгтэй. Олны үг ортой л гэдэг. Энд нэр нь дурдагдаагүй ч хүмүүсийн ам дамжин яригдаж байгаа өндөр дээд албан тушаалтай байсан, одоо байгаа эрхмүүд баримт, нотолгоо нийтэд ил болгоосой хэмээн энэхүү нийтлэлээ тэрлэв.

Зураг