Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин: АНУ-ын сонгуульд Оросууд биш, Украин, Татар, Жүүдүүд нөлөөлөхийг оролдсон байх

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр АНУ-ын NBC сувгийн сэтгүүлч Мэгин Кэлли ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай дэлгэрэнгүй ярилцлага хийсэн юм. Өчигдөр буюу Бямба гарагт ярилцлагын бүрэн тэмдэглэлийг Кремлийн захиргаа олон нийтэд ил болгожээ.

Ярианы нэг гол сэдэв нь 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх ажиллагаанд Оросын иргэд оролцсон гэх хэргийн тухай байлаа.

Саяхан Америкийн Нэгдсэн Улсын тусгай прокурор Роберт Мюллер ОХУ-ын 13 иргэнийг энэ хэрэгт холбогдуулан ялласан юм. Эгдээр 13 хүний тухай Кэллиг асуухад Путин “Тэд манай засгийн газрыг төлөөлөхгүй тул надад хамаагүй. Тэд Орос хүмүүс биш, ОХУ-ын иргэншилтэй Украин, Татар, Жүүд хүмүүс ч байж магадгүй. Шалгах хэрэгтэй. Давхар иргэншилтэй, эсвэл ногоон карттай хүмүүс байж болох юм. Америкчууд тэдэнд мөнгө төлж хийлгэсэн байж болно” хэмээн ярьжээ.

Тэрээр өөрийн засгийн газрыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэж оролдсон гэх сэжгийг удаа дараа няцааж байгаа. Америкийн улс төрийн систем, дотоод тэмцэл, нийгмийн эмх замбараагүй байдал, хуваагдал нь 2016 оны сонгуулийн үр дүнд хүргэсэн гэж тэр ярилцлагын үеэр тайлбарласан байна.

Путин “Танай парламент, конгресс Оросыг дайснаараа зарлаж хориг тавьсан. Одоогийн ерөнхийлөгч тань үүнийг цуцлах хүсэлтэй байгаа гэдэгт би итгэлтэй байна. Гэвч тодорхой хүчнүүд түүнд ингэх боломж өгөхгүй байна” гэж Дональд Трампын тухай хэлжээ.

 

Эх сурвалж: Quartz