Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Сиерра Леон сонгуульд “blockchain” технологи хэрэглэсэн анхны улс болжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Баруун Африкийн Сиерра Леон улсын ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн Лхагва гарагт болж өнгөрлөө. Энэ сонгуулийн санал хураалтын үр дүнг дэлхийд анх удаагаа “blockchain” технологийг ашиглан бүртгэж, хянажээ.

Шинэ технологийг Швейцарийн Agora компани нэвтрүүлж, хамтран ажилласан байна. Тус компани сонгуулийн санал хураалтын үйл явцыг блокчэйн технологид суурилуулан хөгжүүлдэг юм. Дэлхийд анх удаа улс төрийн сонгуульд блокчэйн ашигласан тохиолдол гэж Agora компанийн төлөөлөгч мэдээлсэн байна.

2002 онд иргэний дайн дууссанаас хойш Сиерра Леонд дөрөв дэх удаагаа сонгууль болж байна. Нийт 16 нэр дэвшигч өрсөлдөж, тэднээс 55 хувийн санал авах хүн гараагүй тулд хоёр дахь шатны санал хураалт явагдахаар болж байгаа гэнэ.

Сонгуулийн ажиллагаа нь үргэлж маргаан, хүчирхийлэл дунд явагддаг тул Сиерра Леоны эрх баригчид энэ удаа нээлттэй, ил тод байдлыг хангах үүднээс блокчэйн технологийг хэрэглэхээр шийджээ.

Гэхдээ анхны блокчэйн сонгууль нь зөвхөн саналын хуудсуудыг бодит цагийн горимд (realtime) тоолж бүртгэх, хүн бүрт энэхүү нэгдсэн мэдээллийн санд хандаж, хянах боломж олгож байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл иргэд саналын хуудсаа бөглөсний дараа саналыг нь эрх бүхий этгээд блокчэйн сүлжээнд бүртгэж авч байгаа юм. Санал хураалтын үр дүнг бүртгэх төвлөрсөн бус мэдээллийн санд бичих эрхийг хөндлөнгийн ажиглагчид, Улаан загалмайн нийгэмлэг, Швейцарийн Холбооны Технологийн Хүрээлэн, Фрибургийн Их сургууль зэрэг байгууллагуудын төлөөлөл авсан байна. Бусад хүмүүс мэдээллийн баазад зөвхөн унших эрхтэй хандах юм.

Блокчэйн сүлжээнд гишүүнээр холбогдсон талууд бүгд санал нэгдсэний үр дүнд шинэ мэдээлэл нь нэгдсэн санд бүртгэгдэх ажээ.

 

Эх сурвалж: Coindesk