Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск АНУ-ын ерөнхийлөгчид Хятадын талаар “хов хүргэлээ”

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп импортын ган, хөнгөн цагаанд гаалийн татвар ноогдуулахаар болсон.

Тэгвэл энэ үйл явдалтай зэрэгцэн Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск ерөнхийлөгч Трампаас Хятадын шударга бус бизнесийн харилцааг засварлаж өгөхийг гуйсан байна.

Тэрээр твиттер хуудсаараа дамжуулан Хятадад байгуулсан компаниа бүрэн эзэмшиж чадахгүй байгаа, машин импортлоход өндөр татвар төлдөг зэргийг бичжээ.

Тесла компани өөрийн цахилгаан машины үйлдвэрийг Хятадад байгуулах гэж сүүлийн хэдэн жил ажиллаж байгаа юм.

Маск “би уг нь импортын татварын эсрэг байдаг. Гэвч одоогийн журам нөхцөл байдлыг маш хүнд болгож байна. Үүнийг тугалган гутал өмсөөд Олимпийн тэмцээнд оролцохтой зүйрлэж болно” гэжээ. Тэр цааш нь “Хятадад байгуулсан компанийхаа 50 хувийг ч эзэмших эрх АНУ-ын автомашин үйлдвэрлэгчдэд байдаггүй. Гэтэл АНУ-д 100 хувь Хятад эзэмшилтэй цахилгаан машины таван компани байна” гэсэн юм.

Тесла энэ асуудлаар өмнөх засаг захиргаанд хандаж байсан ч үр дүнд хүрээгүй ба шударга байхын тулд дүрэм журмаа ижил байлгах хэрэгтэй гэж Маск гомдоллосон байна.

Мөн Хятад улс импортын автомашинаас 25 хувийн татвар авдаг. Гэтэл АНУ-д Хятадын машиныг оруулахад дөнгөж 2.5 хувийн татвартай байдаг нь 10 дахин бага дүн гэнэ.

Эцэст нь Маск “Автомашины салбарын хувьд АНУ, Хятадад ижил, тэгш дүрэм үйлчлэх ёстой гэж та боддог уу? Импортын ижил татвар, эзэмшлийн ижил хязгаарлалт, бусад хүчин зүйлүүд” гэжээ.

Дональд Трамп өмнө нь АНУ дэлхийн бусад улс орнуудтай худалдаа хийхдээ “толь хэлбэрийн татвар” буюу Америкийн үйлдвэрлэгчдэд оноодог нөхцлийг адилхан тулгах зарчим хэрэгжүүлэх тухай мэдэгдэж байв.

Илон Маск анх Дональд Трампын зөвлөх багт орсон ч сүүлд Парисын цаг уурын өөрчлөлтийн гэрээнээс АНУ гарсны дараа зөвлөлийн гишүүнээсээ татгалзаж байжээ.

 

Эх сурвалж: Reuters