Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын тусгай элч болон Цагаан ордны мэдэгдэл бүрэн эхээрээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тусгай элч Чун Юй Ён АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсаныхаа дараа Цагаан ордонд мэдэгдэл хийж, АНУ-Хойд Солонгосын удирдагчид уулзахаар болсныг мэдээлсэн юм.

Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Оройн мэнд.

Хойд Солонгосын нийслэл Пёньянд саяхан хийсэн айлчлалынхаа тухай ерөнхийлөгч Трампад мэдээлэл өгөх боломж өнөөдөр надад олдсон юм.

Ерөнхийлөгч Трамп, дэд ерөнхийлөгч, түүний үндэсний аюулгүй байдлын зөвлөл, миний дотны найз генерал Макмастер нарт би талархлаа илэрхийлмээр байна.

Ерөнхийлөгч Трампын санаачилга, хатуу бодлого, олон улсын хамтын ажиллагаа нийлээд өнөөдрийн үр дүнд хүргэснийг би түүнд тайлбарлалаа. Би ерөнхийлөгч Мүүн Жэ Иний хувийн талархлыг түүнд бас дамжууллаа.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсгээс ангижрахад бэлэн байгааг уулзалтын үеэр би ерөнхийлөгч Трампад мэдээлсэн.

Хойд Солонгос цаашдаа цөмийн болон пуужингийн ямар ч туршилтыг түдгэлзүүлнэ гэж Ким Жон Ун амласан юм.

Тэр бас Өмнөд Солонгос-АНУ-ын хамтарсан цэргийн ээлжит сургуулилалтыг үргэлжлэх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Ерөнхийлөгч Трамптай ойрын хугацаанд уулзах хүсэлтэйгээ тэр бас илэрхийлсэн юм.

Мэдээллийг талархан хүлээж авсан ерөнхийлөгч Трамп Ким Жон Унтай тавдугаар сард цөмийн зэвсгээс ангижрах асуудлаар уулзана гэдгээ хэллээ.

Бүгд Найрамдах Солонгос улс нь АНУ, Япон болон бусад бүх холбоотнуудынхаа хамтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн салгах чин хүсэл зорилготой байгаа.

Ерөнхийлөгч Трампын нэгэн адил бид дипломат үйл явц амжилттай үргэлжилж, энх тайванч шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

БНСУ, АНУ болон манай бусад холбоотнууд өнгөрсөн алдаагаа давтахгүй байж, Хойд Солонгосыг хэлсэн амлалтаа бодитоор биелүүлэх хүртэл шахалтаа үргэлжлүүлэх болно.

Баярлалаа.

 

Өмнөд Солонгосын элчийн мэдэгдлийн дараа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс товч мэдэгдэл хийсэн юм.

Цагаан ордны мэдэгдэлд “Ерөнхийлөгч Трамп Өмнөд Солонгосын төлөөлөгч болон ерөнхийлөгч Мүүн Жэ Иний таатай мэдээг ихээр талархан хүлээж авлаа. Тэр Ким Жон Уны урилгыг хүлээн авч, товлосон хугацаанд, товлосон газарт уулзахыг зөвшөөрсөн байна. Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс салгах зорилт биелнэ гэдэгт бид итгэлтэй байна. Одоогоор тус улсын эсрэг хэрэгжиж байгаа бүх хориг, шахалтууд хэвээр үргэлжлэх болно” гэжээ.

 

Эх сурвалж: The Guardian