Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Баярын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 58% өсчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Гуравдугаар сарын 5-9-ний өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1,235 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 897 дуудлага бүртгэгдсэн байна.

Ослын улмаас нийслэлд 34 хүн гэмтэж бэртсэний 6 нь 0-10 хүртэлх насны хүүхэд, орон нутагт 1 хүний амь нас хохирчээ.

Түүнчлэн цагдаагийн байгууллагын гудамж замд хийсэн хяналт шалгалтаар эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан 5 хэргийг илрүүлэн ажиллаж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм зөрчсөн 11,000 гаруй зөрчил илрүүлжээ.

Үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 291 зөрчил байсан нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 58 хувиар өссөн байна.

Зөвхөн баярын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 07, 08-ны өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчил гарчээ. 

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 26 осол, мөргөлдөх хэлбэрээр 30, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд нийт бүртгэгдсэн ослыг өмнөх 7 хоногтой харьцуулахад нийт дуудлага 26 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 29 хувиар, гэмтсэн хүний тоо 35 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 50 хувиар тус тус өсчээ. 

Мөн “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулсан жагсаал, цуглаан Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах үед тус албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллалаа. 

Баярын өдрүүдийг тохиолдуулан Замын цагдаагийн албаны харъяа газар, хэлтэс, нэгжээс замын хөдөлгөөнд оролцож буй эмэгтэй жолооч нартаа гэнэтийн бэлэг барьж баярлуулсан байна.

Тухайлбал Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс нийт 10 эмэгтэй жолооч, явган зорчигч, Төв аймаг дахь Замын цагдаагийн хэлтсээс 15 эмэгтэй жолооч нарт гарын бэлэг гардуулсан байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.