Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын байрыг түрээслэгчдийн өргөдөл хаана явна вэ?

Ч.Зотол, Зууны мэдээ
2018 оны 3 сарын 9
Зууны мэдээ
Зураг зураг

Баянзүрх дүүргийн нутагт байрладаг Оросын өмчлөлийн гэх тодотголтой орон сууцнуудад оршин суудаг иргэд гадны түрээслэгч эздийн дарамтанд амгалан тайван амьдарч чадахгүй байгааг өмнөх дугаартаа мэдээлсэн. Мөн Монголын төр хохирч зүдэрч яваа иргэдээ  түших үү, эсвэл манай улсын бүх хуулийг зөрчин дураараа авирлаж буй ОХУ-ын Влатас хэмээх компанийн толгойг илэх үү гэдэг асуудлыг дэвшүүлсэн билээ.

Оросын өмчлөлийн гэх нэр дор монголчуудад түрээслэн мөнгө хүүлж ирсэн   нийт 14 орон сууцнаас иргэдийн тэмцлийн дүнд   найман байрыг Монголын талд шилжүүлэх шийдвэр олон жилийн өмнө гарсан. Үүнээс зургаан байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг  Монгол Улсын хуулийн дагуу хүчингүй  болгосон байдаг. Тэгвэл  үлдсэн долоон байр /1971 оны протоколоор  тухайн үед БНМАУ-д  социализмыг хөгжүүлэхэд тусалж байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тав тухыг хангаж тэднийг байршуулах зориулалттай/ -ны  үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өнөө хүртэл хүчинтэй.

Тэнд оршин суугчид “Влатас”  компанийн шахалт, дарамтад илүүтэй өртөж байгаагаа хэлж буй юм. Энэ асуудал одоо ч шүүхийн шатанд явааг  иргэд ярьж байна. Эндээс анхаарал татаж байгаа нэг зүйл  нь манай улсын шүүхийн байр суурь юм. Тухайлбал, яг л солигддог тэмдэг шиг, нэг  асуудлаар хоёр янзын шийдвэр гаргачихдаг. Монголын газар дээр барьсан Оросын  өмчлөлийн гэх  орон сууцнуудад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон нь хууль бус болохыг тогтоож зургаан байрны  гэрчилгээг хүчингүй болгосон байгаа юм. Үлдсэн долоон байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ч мөн адил хууль зөрчсөн гэдгийг тогтоолгохоор хандсан иргэдийн гомдолд  хууль зөрчөөгүй байна.

Тодруулбал, иргэдийн эрх ашиг зөрчигдсөн гэдэг нь тогтоогдохгүй байна. Бүртгэх үедээ татгалзах үндэслэлгүй” гэсэн тогтоол гаргажээ. Гэтэл Оросын мэдэлд байсан тэрхүү 14 байранд үл хөдлөхийн гэрчилгээг нэг л жагсаалтаар, нэг л хүсэлтээр, нэг баримт бичгээр л шийдэж өгсөн байж таарна. Тэрэн дотроос зургаан  байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь хүчингүй юм бол бүгд хүчингүй болох ёстой биш үү.

Үүнийг зүйрлүүлбээс, эхээс төрсөн хүүхдүүдийн зургаад нь шинжилгээ хийгээд “танаас гарсан нь үнэн” гэсэн бичиг хийж өгөөд үлдсэнийг нь “биш” гэсэнтэй ялгаа юун. Энэ байдлыг шүүх лоббид автсан, эсвэл шүүгч үзэмжээр хууль тайлбарладаг гэх үү. Нөхцөл байдлыг харвал үүнээс өөрөөр тайлбарлах аргагүй. Дотор нь амьдарч байгаа хүмүүсийн амьдрал хүндэрч байхад “Эрх ашиг нь тогтоогдохгүй байна” гэж тогтоол гаргадаг шүүх байгууллага хэний эрх ашгийг хангаад байна вэ гэж асуумаар.

ТӨРИЙН ТЭРГҮҮНД 1,000 ИРГЭН ӨРГӨДӨЛ ӨГЧЭЭ

Монголын газар дээр  барьсан атал Оросын мэдэлд одоог хүртэл байгаа социализмын үеийн орон сууцнуудад амьдарч буй 2,000 гаруй иргэн бий. Тэдний удаа дараагийн өргөдөл, хүсэлт Монгол төрийн чихэнд хүрч байгаагүй гэвэл бас өрөөсгөл. 2008 онд  тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр , ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй 2008 онд уулзахдаа анх энэ  асуудлыг тавьж байв.

Үүний дараа Ерөнхий сайд  С.Баяр Засгийн газрын хүрээнд  ярьсан. 2009 онд түрээслэгч иргэдийн зүгээс тухайн үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржид өргөдөл өгсөн. Нэг ёсондоо төрийн дээд төвшинд найман байрыг Монголын талд шилжүүлье гэсэн шийдвэр тухайн үед гарсан байдаг. ТӨХ ч “Удахгүй байрыг иргэдэд нь хувьчилна, та бүхэн амгалан тайван байцгаа” гэж хэлж байв.

Гэхдээ Монголын төрийн түшээд дотор Оросын  эрх ашгийг хангаж, монголчуудынхаа эрх ашгийг  үл тоомсорлож байдаг хүн ч бас бий. Тухайлбал,  энэ асуудлыг  2008 онд Их хурлын төвшинд хэлэлцэхэд “Оросын мэдэлд одоог хүртэл байгаа байрны асуудал нь Олон улсын гэрээ учраас Засгийн газар  хүчингүй болгох ёстой” гэсэн  дүгнэлт гарч батлах явцад хоёр хүний саналаар унаж байсан удаатай. Тэр хоёр эрхэм бол С.Оюун, Э.Бат-үүл нар байв.

Түүнчлэн ОХУ-аас Монголд суугаа Элчин сайдын яамны хариуцлагатай албан тушаалтнуудын амнаас “Монголын Засгийн газар нь нэхэхгүй, асуудал тавихгүй байгаа учраас монголчуудад маш өндөр үнээр түрээсэл. Түрээс өгөхгүй бол хөөж гарга” гэж хэлж байсан тухай оршин суугчид 2017 оны есдүгээр сард “Үндэсний мэдээллийн төв”-д хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэлж байсан юм.

Энэ оны эхнээс Ерөнхийлөгч Х.Баттулга 21 аймаг, есөн дүүргийн иргэдтэй  уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсох аяныг эхлүүлсэн.  Өнгөрсөн нэгдүгээр  сарын 21-нд  Баянзүрх дүүргийн иргэдтэй “Бөхийн өргөө”-нд хийсэн уулзалтад Оросын мэдлийн байранд түрээс төлж амьдарч байгаа  1000 өрх гараар бичсэн өргөдлөө Төрийн тэргүүнд гардуулан өгч ямар нэгэн шийдэл гаргаж өгөхийг хүссэн байна. Энэ үеэр Ерөнхийлөгч  “Ажлын  хэсэг байгуулж анхаарал хандуулна” гэж амлажээ.

Баянзүрх дүүргийн иргэдийн гомдол, хүсэлт ямар шатанд хаана яваа талаар  чих тавибал  Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Б.Саруул  тус ажлын хэсэгт энэ асуудлыг анхаарч ажиллаж байгаа сурагтай. Мөн Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал энэ асуудлыг хариуцаж байгаа гэсэн мэдээлэл байна.

Түрээслэгч иргэд Төрийн тэргүүнд хандаад зогсохгүй  Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ч мөн 1000 гаруй хүний гараараа бичиж, гарын үсгээ зурсан өргөдөл, гомдлыг  хүргүүлсэн гэв. Тэдний гомдол, хүсэлтийг Ерөнхий сайдын  зөвлөх  А.Үйлстөгөлдөр гардаж авсан  гэсэн албан ёсны мэдээлэл байна.

Төрийн өндөрлөгүүд зовсон, ядарсан иргэдийнхээ асуудлыг шийдүүлэх талаар ямартай ч алхам хийж байгаа бололтой. Бололтой ч гэж Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа гэхээр судалгаа, шинжилгээний төвшинд яваа гэж ойлгогдож байгаа юм. Гэхдээ 19 жилийн хугацаанд хуримтлагдаж ирсэн баримт бичгүүд бүхий 60 гаруй боть Түрээслэгч иргэдийн холбоо ТББ, оршин суугчдын гар дээр байхад түүнээс өөр цогц судалгаа баймгүй. 20 шахам жил чирэгдэж ирсэн тэдний асуудлыг дахин хойш тавих, ОХУ-тай  дээгүүрээ “найзан дундаа” гээд  хөндөж ярихгүй байх эрх Монголын төр, засаг л юм бол байж бас боломгүй.

Тэгвэл өнгөрсөн сарын 26-28-нд болсон  Орос-Монголын Засгийн газар хоорондын  комиссын хуралдаанаар энэ талаар асуудал хөндсөн  гэдэг асуулт гарч байна. Энэ талаар тодорхой мэдээлэл харин  алга. Уг нь иргэдийг өргөдөл, гомдлоо  Ерөнхий сайдад зөвлөхөөр нь дамжуулж өгсний дараа Засгийн газрын тэргүүний зүгээс Шадар сайд Ө.Энхтүвшинд “Энэ асуудлыг анхаар” гэсэн үүргийг албан  бичгээр  өгсөн гэсэн мэдээлэл байгаа юм.

“ОРШИН СУУГЧИД САЛХИНД Ч ТААВААРАА  ГАРЧ ЧАДДАГГҮЙ”

Иргэдэд ямар асуудал тулгамдаж байгаа талаар  тус байрны оршин суугч Оюун- Эрдэнээс тодрууллаа. 

-Оросын өмчийн орон сууцанд амьдарч буй иргэдэд ямар бэрхшээл тулгамдаж байна вэ?

-Бидний оршин сууж байгаа  орон сууц бол Монгол Улсын газар дээр оросуудын барьсан байр. Монгол Улсад татвар төлдөггүй. Харин иргэдээс дээд зэргийн өндөр үнээр түрээс авч байна. Тэнд ганц айл амьдраагүй,  2000 орчим иргэн бий. Том хүн, хүүхэд бүгд эрх нь зөрчигдөж байна. 4-5 жил амьдарсан айл өрхийн хүүхэд сургуульд орох болоход шилжүүлгээ хийлгэх гэхээр хийж болохгүй гэдэг.

Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх Хэрэг эрхлэх газар нь гадаадын ТББ байж Монголын төрийн  байгууллага  руу шилжүүлэг хийхийг хориглоно гээд бичиг явуулчихдаг. Монгол Улсын иргэн бид Үндсэн  хуулиараа  хаана ч амьдрах эрхтэй атал цоожтой хашаанд, агаар салхинд өөрийн тааваар  гарах эрхгүй, ус, цахилгаанаас таслуулж, өндөр түрээс төлж маш хүнд байдалд амьдарч байна.

-Өндөр түрээс төлдөг гэлээ. Үүнийгээ тодруулна уу?

-ОХУ-ын “Влатас” компани Түрээсийн  гэрээ нь хууль бус болохыг мэдэнгүүтээ  болиод   нэрийг нь Байршуулах  гэрээ болгоод ам.метрийн үнийг  9.9 ам.доллараар хийж байна.  Дээр нь хэрэглээний зардлыг өөрсдөө төл гэдэг. Энэ төлбөр бүгд  ОХУ  руу шилждэг мөнгө. Санхүүгийн зохицуулах хороо  руу ам.доллараар түрээс авч байгаа талаар иргэд  гомдол гаргахад “Хууль зөрчиж  байна, төгрөгөөр гэрээ  хий”  гэсэн бичиг ирүүлсэн. 

Гэтэл Влатас компани буцаагаад  “Манайх онцгой объект учраас  ам.доллараар төлбөр  авахыг зөвшөөрч өгөөч”  гэсэн байгаа юм. Бид тэмцэж байна. Бүх шатад  хандаж  байгаа.  Өнөөдөр  Монгол  Улсын  иргэн ТҮЦ-ээ буруу газар байршуулбал цагдаа ирж орилуулаад ачаад явдаг. Гэтэл оросууд дээрэнгүй байдлаар хандаж Монголын хуулийг зөрчиж байхад манай төр, засаг яаж ч чадахгүй байна. Бид  ҮХЦ-ийн гишүүн  Д.Сугарыг ТӨХ-ны  дарга  байхад гомдол гаргаж байсан. 

Тэр хүн “Яах аргагүй Олон улсын Венийн  конвенцийг  зөрчжээ. Энэ конвенцээр бол ирээдүйд болох үйл явдлыг мэдэлгүйгээр  байгуулсан  олон улсын гэрээ нь түүнийг байгуулж байх үеийн нөхцөл өөрчлөгдсөн тохиолдолд  гэрээ байгуулсан улс нь цуцлах үндэслэл болно” гэж бий гэдгийг тайлбарлаж ярьж байсан. Тэр үед манай улс 1990 онд нөхцөл байдал өөр болно гэдгийг огт мэдэлгүй  хийсэн гэрээ шүү дээ.

-Танайх энэ байранд хэдэн онд ямар нөхцөлтэйгөөр орж байв?

-Ээжийгээ  дагаад жаахан хүүхэд 2000 онд энэ  байранд анх орж байсан. Тэр үед “Зарубежстрой” компани гэж Монголд үйл ажиллагаа явуулж  байсан юм. Ээж маань тэр компанид ажилладаг байсан учраас манайх хэрэглээний төлбөрөө төлөөд явдаг, одоог бодвол дарамт шахалт байгаагүй. 2012 оноос “Влатас” компани энэ байрыг дамжуулан түрээслэхээр шилжүүлэн авсан. Түүнээс хойш түрээсийн төлбөр нэмэгдсээр доод тал нь 460-640 мянга, дээд тал нь 850-1.2 сая болсон. Ам.метрийн үнийг  ам.доллараар төлдөг  айл  ч  байна.

Айлын засвар хийчихсэн байрыг “Влатас” компани авангуутаа  нөгөө айл нь 640 мянган төгрөг төлдөг байхад “Бид засвар хийчихсэн”  гээд сарын 850 мянгыг авдаг. Засварыг тэр компани хийгээгүй, өмнө нь байсан айл хийгээд гарчихсан байхад ийм нугалаа гаргадаг. Энэ байж боломгүй. Бас нэг асуудал нь 60 айлын дунд ганц тоолууртай. Тоолуураа айл өрхөд тавьж өгөөч, бид аж ахуй нэгжийнхээр мөнгө төлмөөргүй байна гэж шаардах бичиг өгтөл гарын үсэг зурсан айлуудын цахилгааныг шууд тасалсан. Хаана хандахаа мэдэхгүй байсан учраас бид Мэргэжлийн хяналтын газарт хандсан. Тэндээс айлуудыг тоолууржуул гэсэн бичиг ирүүлсэн.

Гэтэл шаардлагыг биелүүлэлгүй жил тойрлоо. Айлууд сар гаруй цахилгаангүй байсны эцэст цагдаад хандаж байж залгуултал шинэ жилийн баярын үеэр бас л тасалчихсан. Бид Мэргэжлийн хяналтын газар руу дахин хандсан. Гэтэл “Манай компанийн дотоод дүрэм, журам ийм” гэсэн тайлбарыг иргэдийн гомдлын мөрөөр ирсэн цагдаа нарт  өгсөн байгаа юм. Цагдаа хариуд нь “Танай компани Монгол Улсын хуулиас давсан дүрэмтэй байж болохгүй” гэхэд огт тоохгүй байсан.

Гомдол гаргасан иргэдийг хэл амаар доромжилдог. Саяхан “Влатас” компанийн Амаржаргал гэдэг захирал руу утсаар яриад цахилгаан  таслаад удлаа, үүнийгээ  залгаж өгөөч. Иргэд бид та нарыг хүнд мөнгө өгч байрны  цахилгааныг таслуулсныг мэдэж байна” гэхэд “Тийм, мөнгө өгч таслуулсан. Тэгээд юу гэж” гээд хэлж байсан. Эрчим хүчний ажилтны  хувцас өмссөн хүн дагуулж ирээд мөнгө өгөөд цахилгаан  таслуулчихдаг. Өнөөдрийн байдлаар айлууд доод тал нь  30 сая, зарим нь 70 сая, тэр бүү хэл 110-130 гаруй сая төгрөг төлчихөөд хөөгдөхдөө тулаад явж байна. Оросууд  байрны гадаах хашааны хаалгыг цоожилчихсон.

Иргэд хашаа давж орж гардаг. Нялх хүүхэдтэй хүмүүс маш хүнд байна. Биднийг асуудал дэвшүүлэхээр цахилгаан тасалдаг, хаалга цоожилдог. “Гар, зайл. Энэ Оросын өмч” гээд загнаж зандардаг. Хамгийн хэцүү нь бид тайван байж чадахгүй байна. Гадаа гараад хүүхдээ салхилуулж ч чадахаа болилоо. Оросууд хашгичаад “Чиний хүүхдийг сайхан явахыг харна. Сайхан амьдрахыг чинь харнаа” гээд орилдог. Влатас компанийн захирал нь хүртэл тэгж хашхирдаг. Уг нь иргэдтэй гэрээ хийсэн захирал нь асуудал яримаар. Гэтэл ээж нь, дүү нь, хаа хамаагүй оросууд нь хүртэл монголчуудыг доромжилж, харааж загнаж зандардаг.

-Өнгөрсөн хугацаанд түрээслэгчид хэдий хэмжээний мөнгө төлсөн байдаг юм бэ?

-Бид хүний байранд зүгээр суух гээгүй. Олон жил их хэмжээний мөнгө төлж ирсэн. Доод тал нь 30 гаруй, дээд тал нь 130 сая төгрөг төлсөн. Тэр мөнгийг Оросын байранд өгсөн. Уг нь тэр мөнгөөр  байрны лизинг хийгээд явах боломж байлаа. Өнөөдөр шинэ байранд ч тийм мөнгө төлөхгүй байгаа. Нэгэнт тэр байранд олон жилээр мөнгө төлж амьдарч ирсэн учраас бид асуудлаа шийдүүлж хувьчилж авах асуудлыг л тавьдаг. Ингэхээс өөр аргагүй.

Ийм байхад оршин суугч биднийг яагаад тэмцлээ, жагслаа гээд  байдаг юм бол. Цахилгаан, ус, дулааны мөнгөө төлж ирлээ. Гол нь түрээс гээд Оросуудын нэхдэг мөнгийг бууруулаач гэж бид хүсдэг. Мэргэжлийн хяналтынхан ирээд шалгалт хийхэд байрны хонгилоос маш их шавж гарсан. Айлууд руу шавж орж байна. Байрны засвар үйлчилгээ огт хийдэггүй. Тэгсэн атлаа асар их мөнгө татаж авч байгаа. Байрны асуудлыг оросууд хэзээ ч шийдэхгүй  юм байна гэдгийг бид өнгөрсөн олон удаагийн  жагсаал, тэмцлээс мэдэж авлаа.

Монголын Засгийн газар л иргэдийнхээ асуудлыг шийдэхгүй бол гадны улс шийдэхгүй. Монголын бүх хуулийг зөрчсөн, шийдэх шийдэлтэй байгаа асуудлыг Монголын Засгийн газар яагаад шийдэхгүй байна вэ. Үүнийг төрийн өндөрлөгүүд, Засгийн газар, УИХ нь мэдэж байвч огт шийдүүлдэггүй. ОХУ цаанаа Монголын Засгийн газар нь асуудал тавьбал бид шийднэ гэсэн байр суурьтай байхад манайхан яагаад шахаж чаддаггүй юм бэ гэдгийг гайхдаг.

ТӨХ ОХУ-д бичиг өгөхөд найман сарын дараа л хариу өгдөг гэж байгаа. Тэгээд олигтой хариу ирээгүй гээд сууж байна. Манайх төр, засагтай бол энэ олон мянган иргэнийхээ асуудалд анхаарал тавьж болноо доо.  Бид хууль зөрчсөн бол, та нар бүгд гудамжиндаа гар гээд төр төмөр нүүрээ гаргах ёстой байх. Гэхдээ хамгийн гол нь оросууд нь бүх хуулийг зөрччихсөн байгаа.

Монголын газар нутаг дээрх Оросын өмч гэгдэх орон сууцны талаарх мэдээллүүд ийм байна. Гадаад орчинд ч бас энэ талаар мэдээлэл гардаг. Тухайлбал, тухайн үеийн ЗХУ-ын 15 республикийн хөрөнгийг ОХУ  яагаад ганцаараа авав гэдэг асуудлаар  гүржүүд “Монголд байгаа хөрөнгийг манайх авна”  гэсэн асуудал тавьсан мэдээлэл цацагдаж байв. Монголын иргэдийн дунд “Орон сууцнуудыг “Их өр”  гэж байх үеийн хөрөнгөөс л барьсан байж таарна. Тухайн үед тэдгээрийг  барихаар оруулж ирсэн материалын баримт байдаггүй” гэсэн яриа ч гарсаар ирсэн юм.

Зураг