Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын эмэгтэй зохиолчдын хайр сэтгэлийн талаар бичсэн ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 3 сарын 8
iKon.MN

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.

Энэ өдөр бид Монголын эмэгтэй зохиолчдын бүтээлээс амьдрал, хайр сэтгэлийн мөн чанарын тухай бичсэн эшлэлүүдийг онцлон хүргэж байна. Ингээд эмэгтэй зохиолчдын ертөнцөөр аялцгаая. 

АЖ, зохиолч Э.Оюун: Олон хүнд байтугай хоёр хүнд хэлэхэд л тэр үг их дургүй
 

"Сэржмаа /Дорлигийн нууц амраг/: Хайртай гэдэг нандин үгийг амьдралд ганц л хэлдэг хүний нэг биз дээ. Гэхдээ миний л мэдэхийн чи амьдралдаа лав хоёр хэлсэн. Дулмаад нэг, надад нэг. Чи бид хоёрын салж явснаас хойш найман жилийн дотор, түүнээс өмнө чиний Ховдод суусан хоёр жилийн дотор хэд хэлснийг баталж мэдэхгүй.

Дорлиг: Дулмаад /Дорлигийн эхнэр/ би үнэн голоосоо хэлсэн. Чамд бас тэр нандин үгийг хэлснээр л би алдсан юм даа. Олон хүнд байтугай хоёр хүнд хэлэхэд л тэр үг их дургүй. Сүүлдээ бүр өсөлж хариугаа авах гээд байх юм гээч. Ай даа, янаг амраг хоёр гэдэг залуу насанд амраг хайртууд байдаг, ид дунд насандаа сайн нөхөд бололцдог, настай болсон хойноо бие биедээ эцэг эх болдог гэж үнэн юм" /“Би эндээс явахгүй” жүжгийн зохиол/

АУЗ, зохиолч, яруу найрагч Ш.Дулмаа:  Амьдрал хайр дээр тогтож, хайраас амилдаг
 

"...Ер нь хүний амьдрал гэдэг агуу сайхан хайраас бүтэж, түүн дээр тогтож, хайрын хүчээр амьдарч тэмцэж, асаж бадамлаж, бүтээж туурвиж, сэтгэн бодож, хайрлан жаргаж энэ урт амьдралыг туулдаг байна...

Амьдрал хайр дээр тогтож, хайраас амилдаг учраас хүн бүхэн хайраа хайрлаж, баяр баясгаланг амсаж явах болтугай хэмээн ерөөе!". /"Амьдрал хайр дээр тогтдог" номын өмнөтгөлөөс/

Болор цомын эзэн Ц.Хулан: Сүүлчийн болоод анхны хайр гэж байдаггүй
 

Сайрхах юм даанч биш дээ

Санчигандаа бууралтай эр хүнд би хайртай

Жаргахын өмнө зул бадамлан асдаг шиг

40 хүрсэн эр хүн үнэнч л баймаар даа

Намар оройн жимс гашуун болоод амттай

Надад дурласан та минь хаан бугуйвчаар дөнгөлөөтэй

Янаг зөөлөн харцны тань аясаар

Ятга хуур шиг би хөглөгдөх дуртай

Уруулын будгийн минь цамцныхаа хээнээс

Угааж орхидог муухай зантай ч

Урваж хөрвөдөг насны минь аалийг

Уучлан боддогт тань би таньд хайртай

Дурлал гэдэг зугаа бишийг

Дуулим орчлонд та одоо л ойлгоно

Дутуу хайрласан ханиа аргадахаар

Дурлаад хоцорсон намайгаа ч мартана

Сүслэн залбирдаг гараараа тэвэрч

Шүлэг хэлдэг уруулаараа үнсэхэд минь

Сүүлчийн болоод анхны хайр гэж байдаггүйг

Сүүрс алдан ухаарах болно...

Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа:  Хайрын тухай бодол бясалгалгүйгээр оршин тогтох үндэс байхгүй
 

"Би энэ ертөнцийг хайрын ертөнц гэж ойлгосон. Ертөнцийн өөрийн гарвал чанар нь хайр юм.  Хайрын тухай бодол бясалгалгүйгээр оршин тогтох үндэс байхгүй.  Бүгд хайрын язгууртай. Энэ хайрын язгуурыг яаж батжуулж,  соёолуулж,  дэлгэрүүлэх вэ гэдэг л хамгийн чухаг. Бид өнөөдөр зүрх сэтгэлийн нандин чанар гэхээсээ илүү өмсөж байгаа махан бодин дээлийнхээ чанар луу их яваад байгаа юм л даа. Гэтэл сайхан хайр энэрэл, нэг нэгнийхээ төлөөх өглөг буяны сэтгэлтэй явах юм бол энэ ертөнц өөрөө их баяжмал.

Тиймээс яруу найрагч хүн бол үргэлж хайрыг тунхаглах ёстой. Хайрыг зарлах ёстой, хайрыг дэлгэрүүлэх ёстой. Тэр үйлд ерөөсөө л төрчихсөн улс"  /2014 дөрөвдүгээр сард өгсөн ярилцлагаас/

Л.Өлзийтөгс: Хэн нэгнийг хайрлана гэдэг хэмжээлшгүй өндөрт гарахын нэр
 

"Би хайрын тухай бага бичдэг гэвэл ёстой алдас болно. Хангалттай их бичсэн ш дээ. Битүүдүү бичдэг гэдэг ч худлаа. Хүн болгоны бичдэг шиг хэлбэрээр, улиг домог болсон сэтгэлгээгээр л илэрхийлээгүй байж магадгүй". /Ярилцлагын хэсгээс.../

Хэн нэгнийг хайрлана гэдэг 

хэмжээлшгүй өндөрт гарахын нэр юм

Хэмжээлшгүй өндөрөөс унавал бяц үсрэхээ мэдэх ч

хэзээ ч цуцалтгүйдээш авирах зориг юм

Энэ бол

дэндүү олон түлхүүр нь зүүлттэй ч, цоожтой байгаа

амьдралын, цор ганц, хэзээд нээгдэхэд бэлэн хаалга юм

Энэ бол

нэг орсон хүн эргээд гарч чаддаггүй

асар харанхуй гүн хонгил доторх,

хаа ч юм бэ чимээ өгөн дуугарах

аяар аяархан зовлонт инээд юм. /2008.11.19/

Зохиолч Б.Эрхэмбаяр:  Сар жилээр алсран бие холдлоо ч хайр хүндлэл хэзээ ч хүний ухаан бодлоос гарч явдаггүй
 

"Жинхэнэ хайр гэдэг хүний бие махбодид биш сэтгэлд оршдог. Сар жилээр алсран бие холдлоо ч хайр хүндлэл хэзээ ч хүний ухаан бодлоос гарч явдаггүй билээ. Магадгүй сайхан хайр хүний зүрх сэтгэлд үүрд үхэн үхтэл оршдог биз.

Хайр яг л бие биеэ хайрлах хариу сэтгэлээр тэжээгдэн дэлбээлдэг цэцэг шиг. Нэгэнт үзэсгэлэн төгөлдөрөөр дэлбээлсэн хайр хүний сэтгэлд хэзээ ч хагдарахгүйгээр хувиршгүй мөнхийн цэцэг болон дэлгэрдэг бол түр зуурын сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй дурлал тэрхүү сэтгэл хөдлөл хэзээ нэгэн цагт бие махбодиос нь гарч явахад зүрх сэтгэлд юу ч үлдээгүй байдгаараа хайраас тэс өөр. Гэвч сэтгэлд үлдэхгүй дурлалд хүн сохрох нь ч бий"  /Алганы хээ роман, II дэвтэр/

Зохиолч, яруу найрагч Э.Бүжинлхам: Хайр бол ерөөл
 

"Зам хол, хүрэх газар тэртээ. Бид хэн нэгэнтэй энэ урт замын турш тааралдаж цааш хамтдаа явдаг. Бидний дотоодод орших уй тэдний дотоодод орших уйтай таталцаж ямар нэг үелзэл бий болдог. Тэр үелзэл заримдаа ерөөл шиг байдаг. Гэхдээ энэ цөөхөн. Бие, биенийхээ дотоод орших уйг бүрэн дүүрэн мэдэрч, өвдсөн бүхий л газрыг нь үлээж эдгээдэг хайр. Хайр бол гайхамшигтай. ГАЙХАМШИГТАЙ-АЙМШИГТАЙ гэдэг хоёр хэдхэн үсгийн л ялгаатай.

Хайр бол ерөөл. Далдын ямар нэг зүйл биднийг ерөөж амьдралд хайртай байхад сургадаг. Хайр шиг харагддаг ерөөл гэж бий. Ерөөл мэт хайр гэж бий. Ерөөгдсөн хайр. Цөөн хүмүүс үүнтэй учирдаг"  /Ариан тууж/