Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Порно киноны од эмэгтэй Дональд Трампыг шүүхэд өглөө

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай бэлгийн харилцаанд орж байсан гэгддэг порно киноны од эмэгтэй өчигдөр Лос Анжелесын шүүхэд гомдол гаргажээ.

Трампын өмгөөлөгч 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө түүнтэй нууц хадгалах гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус гэдгийг батлуулахаар шүүхэд хандаж байгаа юм.

Учир нь уг гэрээнд Трамп өөрөө гарын үсэг зураагүй тул порно од хариуцлага хүлээхгүй гэж үзэж байгаа ажээ. Уран бүтээлийн нэр нь “Stormy Daniels”, жинхэнэ нэр нь Стефани Клиффорд гэх энэ эмэгтэй шүүхээр эрхээ баталгаажуулсны дараа Трамптай ямар харилцаатай байснаа олон нийтэд дэлгэхээр төлөвлөсөн байна.

Клиффорд болон Трампын өмгөөлөгч Майкл Коэн нар 2016 оны аравдугаар сарын 28-ны өдөр нууц хадгалах гэрээ байгуулж, жүжигчинд $130,000 төлсөн гэгддэг.

Энэ бол ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө болсон явдал байв. Клиффорд 2006-2007 онуудад хэд хэдэн удаа Трамптай бэлгийн харилцаанд орж байсан гэдэг.

Трамп 2005 онд одоогийн эхнэр Меланиатайгаа гэрлэж байсан юм. Нууц хадгалах гэрээнд Трамп “David Dennison”, өмгөөлөгч Майкл Коэн “Peggy Peterson” гэх нэрээр гарын үсэг зурсан ба дагалдах бичиг баримтад гэрээ байгуулагчийн жинхэнэ нэр усыг хавсаргасан байгаа гэнэ.

Порно одтой холбоотой дуулиан өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн тархсан бол Клиффорд шүүхэд хандсанаар Трамптай дотно харилцаатай байснаа хүлээн зөвшөөрсөн анхны тохиолдол болж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд тэр харилцаагаа батлах ямар нэг мэдэгдэл хийгээгүй байв.

Хэрвээ шүүхээс нууц хадгалах гэрээг хүчингүй гэж үзвэл Клиффорд Трампын тухай ноцтой мэдээллийг тараах эрхтэй болох ажээ.

 

Эх сурвалж: The Guardian